Эрх шилжүүлэх тухай

2011-04-20 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвөөс 2011 онд санхүүжих Туул, Сэлбэ, Дунд, Улиастайн голын урсацыг нэмэгдүүлэх, эргийн дагуу тохижуулах 1,0 тэрбум төгрөгийн ажлын задаргааг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Батлагдсан ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, нийслэлийн Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/-т тус тус даалгасугай.

     Гурав. Хөрөнгийн оруулалтын ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР