Хязгаарлалтын бүс тогтоохтой холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2011-04-22 00:00:00

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлд түүхий нүүрс хязгаарлах бүсэд хамрагдах хороодыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн гэр хорооллын айл өрхийг боловсруулсан түлш болон бусад эх үүсвэрээр хангах бэлтгэл арга хэмжээг 2011 оны 4-8 дугаар сард авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Агаарын чанарын алба /Д.Мөнхцог/-нд, дурьдсан хороодын иргэдэд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбоотой ухуулан таниулах, сурталчилах аян өрнүүлж ажиллахыг холбогдох Дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

     Гурав. Дээрх бүсэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боловсруулсан түлшний үйлдвэрүүд болон цахилгаан, хийн эх үүсвэрүүдээр төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллахыг Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэс /Д.Бямбасайхан/ -т үүрэг болгосугай.

     Дөрөв. Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс тогтоох ажил хийгдэж байгаатай холбогдуулан гарсан шийдвэр, ажлын үр дүнгийн талаар олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг дээрхи дүүргүүдийн Засаг дарга нар болон Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд даалгасугай.

    Тав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод үүрэг болгосугай.

     Зургаа. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 218 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР