Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах тухай

2010-03-05 00:00:00

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг 2010 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсугай.

Хоёр. Улаанбаатар хотод авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, дүүргүүдэд зохион байгуулах салбар комиссын бүрэлдэхүүний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Гурав. Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажлыг төрийн үйлчилгээг нэг цэгээс хөнгөн шуурхай үзүүлэх хэлбэрээр зохион байгуулж, орон нутгийн төсөвт 2010 оны 06 дугаар сарын 01-ний дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/, Нийслэлийн Авто замын газар /Д.Од/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажлын хүрээнд албан татвар төлснийг гэрчлэх наалт тэмдэг олгох ажлыг чанартай хийж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/, Нийслэлийн Авто замын газар /Д.Од/, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажилд туслалцаа үзүүлэн, татварын хяналт шалгалтын ажлыг хамтран зохион байгуулахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т даалгасугай.

Тав. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажлын салбар комиссыг дүүргийнхээ нутаг дэвсгэрт хоёрдугаар хавсралтанд заасан бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, албан татварын хураалт явуулах байранд ажиллах ажилтнуудыг томилж, бүх талын дэмжлэг үзүүлж, тээврийн хэрэгслийг хороо болон нутаг дэвсгэрийн зарчмаар бүрэн хамруулж ажиллахыг дүүргүүдийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажлыг зохион байгуулах салбар комиссын дарга нарт үүрэг болгосугай.

Зургаа. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажлын зар сурталчилгаа, явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчилах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/, “Улаанбаатар таймс” /Д.Чулуунбаатар/, “Улаанбаатар радио” /У.Булган/, “UBS” телевиз /Л.Балхжав/-т тус тус үүрэг болгосугай.

Долоо. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажлыг зохион байгуулахад гарах зардлыг 2010 оны нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр батлагдсаны дагуу замын сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

Найм. Авто тээврийн хэрэгслийн татвар төлөгчийн татвар хураах ажлыг удирдамжийн дагуу хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, дүнг гарган Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, уг арга хэмжээнд идэвх зүтгэл, үр дүнтэй ажилласан дүүргүүдийн салбар комисс, албан хаагчдыг шагнаж урамшуулахыг төв комисс /Ч.Бат/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР