Бээжин автомашины зөвшөөрлийг сугалаагаар олгоно

2013-01-30 00:00:00

Хятадын нийслэл Бээжин хот автозамын ачааллыг бууруулах үүднээс өнгөрсөн 2011 оноос иргэдийн дунд шинээр автомашин худалдан авахад квот тогтоож, автомашины зөвшөөрлийг сугалаагаар олгох шинэ систем нэвтрүүлж эхэлжээ. Бээжин хотын тээврийн хорооны орлогч дарга Ли Сьяосуны мэдэгдсэнээр Бээжинд энэ 2013 онд өнгөрсөн жилийнхтэй ижил тооны буюу 240 мянган шинэ автомашины зөвшөөрлийн квот тогтоосон бөгөөд шинээр автомашин худалдан авах хүсэлтэй иргэдэд зөвшөөрлийг сар бүр сугалаагаар олгох гэнэ. Ингэснээр Бээжингийн автозамын ачааллыг тодорхой хэмжээнд тогтоон барих ач холбогдолтой юм байна. Гэсэн ч Бээжинд одоо болтол замын түгжрэл тулгамдсан асуудал хэвээр байгаа аж.

Ли Сьяосуны хэлснээр одоогоор дээрх тооны автомашины зөвшөөрлийг иргэдэд сугалаанаас өөрөөр хэрхэн оновчтой хуваарилах талаар шинэ олон аргыг боловсруулж байгаа бөгөөд уг асуудал эцэслэн шийдэгдсний дараа дахин мэдээлэл хийх гэнэ. Мөн өмнө нь  сугалаагаар хожсон ч хараахан хэрэглээгүй байгаа автомашины зөвшөөрлүүдийг буцааж, нэгдсэн санд нэгтгэх юм байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Бээжинд энэ нэгдүгээр сард 1.4 сая хүн автомашин шинээр авах зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаад байгаа боловч ердөө 20 мянган шинэ зөвшөөрөл олгох аж.  Бээжин хот 20 сая гаруй хүн амтай, ойролцоогоор 5.2 сая автомашинтай боловч хувийн автомашин хэрэглэгчид улам нэмэгдсээр байгаа гэнэ.

 

Эх сурвалж: news.mn