ӨДРИЙН СОНИН: Э.Бат-Үүл: Би хотын дарга шиг хотын дарга байя л гэсэн юм

2013-01-14 00:00:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Та өнгөрсөн 2012 оны онцлох хүнээр тодорсон.  Онцлох олон ажил хийсэн болохоор таныг шалгаруулсан байх л даа...

-Өнгөрсөн 2012 онд нийслэлд үнэхээр онцлог үйл явдлууд болсон. Нийс­лэлд 22 жилийн да­раа анх удаа АН сон­гуульд яллаа. Социа­лиз­мын үеийг оруулаад тооцох юм бол 90 гаруй жилийн дараа анх удаа нийслэлийг улс төрийн өөр хүчин удирдах бо­лол­цоотой болсон юм. Бид ажлаа аваад богино хугацаанд ч болов хотод олон ажил хийхийг хичээ­сэн. Энэ дотроос замын түгжрэл гэдэг нэртэй багц асуудлыг зохицуулах гэж оролдлоо. Энэ бол зөв­хөн замын түгжрэлийн биш нийгмийн тулгамд­сан асуудал байсан юм. Одоо бид бага ангийн хүүхдүүддээ хандах ханд­лагаа өөрчилж бай­на. Өөрөөр хэлбэл тэд­ний­гээ сургуульд нь хүр­гэж өгдөг ажлыг нэгдсэн зохион байгуулалт­тай­гаар хийхээр болж байна.

Ер нь хүмүүсийн эрүүл, аюулгүй орчны тухай ярих­даа хамгийн түрүүнд хүүх­дийн тухай хөндөх ёстой. Бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчныг хан­гаж чадаагүй байж  хү­ний болоод хотын  аюул­гүй байдлын тухай ярих нь утгагүй юм. Японд бол бага сургуулийн хүүх­дүү­дийг эцэх, эх нь хүргэж өгдөггүй юм билээ. Энэ хуулиар хориотой. Тусгай автобусаар хүүхдүүдийг сургуульд нь хүргэдэг. Учир нь хүүхдүүд хичээл­дээ очихдоо нийгмийн эрээн барааныг харж, мэ­дэрч очих ёсгүй. Одоо манайхны хүүхдүүд  аавын­­хаа эксель машинд сууж хичээлдээ явахаас ичдэг болсон байна. Аав, ээжийгээ том жийп ма­шин­тай хүргэж өгч, авахыг хүс­дэг болжээ.  Гэтэл энэ бол бага насны хүүхдүүдийн ярьдаг сэдэв биш шүү дээ. Бага насны хүүхдүүд баян, ядуугийн ялгааг ойлгож, ярих ёсгүй юм. Хүүхдийн онгон оюун санааг цаг нь болоогүй нийгмийн таатай биш үзэгдлээр цочроож болохгүй. Ийм учраас бид хүүхдүүдийг сургуульд нэгдсэн байдлаар хүргэдэг журамд шилжье гэж байна. 

-Сургуулийн насны хүүхдүүдийг автобусаар зөөх тухай хуулийн төс­лийг УИХ-ын гишүүд са­наачилсан ч дэмжиг­дээ­гүй санагдаж байна... 

-Тийм. Тэр их харам­салтай зүйл болсон. Бү­дүүн хатуу сэтгэлээ зөөл­лөөч ээ гэж УИХ-ын ги­шүүдээс хүсмээр байна. Бидний үеийнхэн чинь автобусаар үйлчлүүлж  хичээлдээ хүргүүлж бай­гаагүй болохоор тоом­жиргүй хандаад байгаа байх. Гэхдээ бүгдээрээ өнгөрсөн үеийнхээ зурш­лаас салж, дэлхий нийтийн жишиг рүү орох хэрэгтэй байна. Хотын даргын хувьд бага ангийнхныг  автобусаар зөөнө гэдэг байр суурь дээр тууштай зогсч байгаа.  Гэхдээ автобусаар хүүхэд тээ­вэр­лэх зардлыг тооцоод үзэхээр их мөнгө гарч бай­на лээ. Захын нэг сургууль руу хүүхдүүдийг зөөх автобусаар хангая гэхэд л жилд  арваад тэрбум төг­рөгийн зардал гарах юм билээ.  Энэ мөнгийг нийс­лэ­лийн татвар төлөгчдөөс гаргана гэсэн үг. Тиймээс иргэдээс санал асуулга асууж байж үүнийг шийднэ. Төсвийн орлогын 80 гаруй хувь нь нийслэлийн иргэ­дийн татвараас бүрдэж байгаа. Тиймээс та нарын мөнгөний тодорхой хувийг ийм зүйлд зориулах уу, яах уу гэж асууна гэж бодож байна.

Хэрэв зөвшөөрвөл Улаанбаатар хотын түгж­рэлийн асуудал цэгцэрнэ. Эцэг, эхчүүд ч санаа амар ажлаа хийх боломж бүр­дэнэ. Сая хотын зүгээс Боловсролын яаманд хү­сэлт тавьж, бага ангийн хүүхдүүдийг амраахаар болсон. Ингэсний хүчинд ойрын өдрүүдэд түгжрэл гайгүй болчихсон байгаа биз дээ.  Эцэг, эхчүүд хүүх­дээ хүргэж өгнө гээд ма­шин унаж явах нь багас­сантай холбоотой шүү дээ. Бид өөр нэг арга бод­чихсон байгаа. Юу гэвэл бага сургуулийн хүүхдүү­дийн амьдарч байгаа га­зарт ойрхон сургууль ба­рина. Тэгвэл хүүхдүүд шууд гэрээсээ гараад сур­гууль руугаа орчихдог бол­но гэсэн үг. Энэ ажилд үлгэр дуурайлал үзүү­лэ­хийн тулд хотын захиргаа  хажуудаа цэцэрлэг бай­гуу­лах гэж байна. Хүмүүс ажилдаа ирэхдээ хүүхдээ цэцэрлэгт өгчихнө, өдөр тэдэнтэйгээ хамт хоол­ло­чих боломж бүрдэж байгаа юм.

-Хаана барих гэж бай­гаа юм бэ?

-Энүүхэнд,  хуучин цэ­цэр­лэг байсныг сэргээж янзлах юм. Энд зөвхөн хотын захиргааны ажил­чид хүүхдээ өгөхгүй байх л даа. Энэ хавийнхан үйл­ч­лүүлнэ биз. Хажууд нь эцэг эхтэйгээ цуг хооллох бо­ломжийг бүрдүүлсэн стан­дартаар байгуулна.  Ийм учраас би цэцэрлэг сур­гуулийн тусгай зөвшөө­рөлд өөрчлөлт оруулж, байгууллага бүр дэргэдээ цэцэрлэг сургууль байгуу­лах эрх олгох гэж байна. Дэргэдээ цэцэрлэг бай­гуул­на гэсэн албан бай­гуул­лагад газрыг хотын за­хир­гаанаас өгье гэж байгаа юм. 

-Зүгээр санаа байна шүү?

-Тийм. Нөгөө талаар бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд нэг дор сургуульд явах нь утгагүй юм байна гэж бодож байгаа.  Дунд, ахлах ангийн хүүхдүүд чинь нэг ёсондоо эвдэрсэн үеийнхэн гэж хэлж болно. Жишээлбэл, тамхи тата­хаас эхлээд зодоон нүдээн хийх хүртэл муу үлгэр үзүү­лэх нь элбэг.  Энэ нь дөн­гөж хорвоотой танилцаж байгаа, цагаан цаас шиг яваа бага ангийн жаахан хүүхдүүдийн төлөвшилд муугаар нөлөөлж,  муу зүйлд уруу татахын үндэс болж байна. Тиймээс гадны улс орнуудад бага, дунд, ахлах ангийн сур­гуулиуд нь тусдаа байдаг юм билээ. Манайх удахгүй энэ жишиг рүү шилжмээр байгаа юм. Түүнчлэн бага насны хүүхэд том болоод ямар хүн болох нь багшаас их шалтгаалдаг. Үндсэн­дээ бага ангийн багш гэдэг бол тусгай сурган хүмүү­жүү­лэгч байх шаард­ла­гатай. Тэгэхээр тэр багш нарыг бэлтгэдэг сурган хүмүүжүүлэх сургууль бай­гуулах нь зөв юм билээ. Сурган хүмүүжүүлэгчдийн цалин бусад багш нараа бодвол өндөр байх ч юм уу, ийм тогтолцоог бүр­дүүлж өгвөл бид хүүхдээ санаа амар, найдвартай хүнд өгчихөөд ажлаа хийж явах боломж бүрдэнэ.  Ийм саналууд байгаа даа.

-Нийтийн тээврийг нэг­дүгээр эгнээгээр явуулдаг болсноор түгж­рэлийн асуудал цэгцэрч чадаж байна уу?

-Орчин үед баян, ядуу­гаараа ялгарах үзэл давамгайлчихаад байна.  Үүнээс бид зайлсхийх ёстой. Японд бол тэрбум­тан ч,  жирийн иргэд нь ялгаагүй метрондоо суу­гаад явдаг.  Гэтэл манайд голын урд баячууд нь амь­дарч, голын хойно ядуус амьдардаг гэсэн ойлголт бий болчихоод байна шүү дээ. Энэ нь эв нэгдэлд ч хортой учраас үүнээс тат­гал­зах хэрэгтэй. Зөв­хөн замын түгжрэл гэлтгүй энэ ойлголтоос салж, ард түмнээ нэг түвшинд байл­гах үүднээс нэгдүгээр эг­нээ­гээр нийтийн тээвэр явуулах шийдлийг олсон юм шүү дээ. Цаашдаа ч ийм байх ёстой. Хөрөнгө чинээ гэдэг бол цэвэр ху­вийн хэрэгцээ. Түүнээс биш бусдад ид хаваа гай­хуулж, бие биедээ таатай таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйл биш. Цаашлаад ний­тийн тээврийг цагийн ху­ваариар явуулна. Хот до­тор хувийн унаа унаад байх шаардлагагүй бол­гоё. Гар дор нийтийн тээ­вэр нь байдаг, бараг гэ­рийнх нь үүдэнд ирдэг байвал хүмүүс дуртай сууна. Парис мэтийн том хотуудад цахилгаан ма­шины парк байгуулж, хэн дуртай нь ухаалаг үнэм­лэхээ уншуулаад суудаг болсон байна шүү дээ. Унадаг дугуйг ч тийм бол­го­сон байна. Манай иргэ­дийн зүгээс ч ийм санал хэлж байгаа. Өөрийнхөө машиныг унаж арчлаад, шатахуун тос үрээд явах нь төвөгтэй юм байна. Нийтийн тээвэр гар дор хүрээд ирвэл зовох хэрэг алга гэж байгаа.

-Автобусны тоог хэ­зээнээс нэмж,  шинээр оруулж ирэх вэ. Өвлийн хүйтэнд автобусны буу­дал дээр удаан зогсч байна гэсэн гомдол тас­рахгүй байна лээ?

-Автобусны тоо нь ба­гадахаар барах уу. Одоо бид тоог нь нэмэгдүүлнэ. Энэ жил япон стандартын 200 ширхэг автобус орж ирнэ. Бид цаашид Япо­ноос лизингээр өөр олон автобус авах санаатай байгаа.

-Солонгосын автобус авахгүй гэж үү?

-Нийтийн тээврийн газ­­­раас явуулсан су­дал­гаагаар автобусны ком­­­па­ниуд солонгос автобу­сыг ашиглалтын хугацаа ба­гатай байна. Олон хүний хэрэглээг даах­даа муу байна гэж дүг­нэ­сэн бай­гаа. Тиймээс Япо­ноос автобус авах байх. Мөн бид хувийн компа­ниу­даа дэмжиж автопаркийн ши­нэчлэл хийхэд нь ту­салъя, хөрөнгө оруулагч олж өгье гэсэн. Түрүү­чээ­сээ зарим компани төслөө ирүүл­чихсэн байна.

-Буруу талдаа жо­лоо­той машинуудыг явуу­лахгүй гэж та үзээд байгаа юм уу?

-Ийм шийдвэр гар­га­вал ямар вэ гэж санал асуулга явуулсан юм. Тэг­тэл хүмүүс маш их эсэр­гүүцсэн. Би хувьдаа буруу талдаа жолоотой ма­шиныг ганцхан бүтэн сайн өдөр явуулахгүй байвал ямар вэ л гэсэн юм. Тэгээд учир үндэслэлээ сайн  ойл­гуулж чадаагүй болохоор эсэргүүцчих шиг болсон. Тиймээс энэ талаар дахиад сайн хэлж тайл­барлана гэж бодож байгаа.

Яагаад буруу талдаа жолоотой  машиныг явуу­лахгүй гээд байна вэ гэвэл бид Улаанбаатарын түгж­рэлийн асуудлыг хянаж чадахаа больчихоод бай­на. Өдөрт шинээр 200 машин дугаар авч замын хөдөлгөөнд орж байна шүү дээ. 200 машин гэдэг бол Гадаад харилцааны яам­наас төмөр зам хүрэх тэр урт замыг бүрэн түгжих хэмжээнийх.  Уг нь түгж­рэлээ хэвийн хэмжээнд барья гэвэл бид  өдөр болгон тэр хэмжээний зам тавих шаардлага тулга­раад байна. Харамсалтай нь тийм хөрөнгө мөнгө байх­гүй. Тиймээс машины тоонд хязгаарлалт тави­хаас өөр аргагүй бол­чих­лоо. Нөгөө талаас тэртэй тэргүй манай жолооны дүрэм журамд зөв талдаа рультэй машин барина гээд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхээр хууль дүрмээ хэрэгжүүлээд явъя гэсэн юм.

Үүний хажуугаар автобусны билетэд өөрч­лөлт оруулж,  нэг тасал­бараар хэд хэдэн чиг­лэлийн нийтийн тээвэрт суудаг байя. Энэ схемийг судалж байна. Тэгээд ч зөв талдаа рультэй машин барьдаг хүмүүс ч бидэнд "Жолооны дүрмээ хэрэгжүүлье" гэдэг санал тавьж байгаа. Ха­рамсал­тай нь санал асуулга эс­рэгээр гарч, ир­гэд эсэр­гүүцсэн. Ийм бай­хад бид дур мэдэж шийдэх эрх байхгүй. Харин Зас­гийн газарт хэлээд байгаа юм. Буруу талдаа жо­лоо­той машиныг оруулж ирэхийг импорт дээр нь хориглоё гэж. Хүмүүс бу­руу талдаа жолоотой ма­шинаа бу­цаахаар болбол анх төл­сөн татвараа бу­цааж авах зэрэг зохи­цуу­лалт хийж болно. Тиймээс буруу талдаа жолоотой ма­ши­ныг явуулахгүй байя гэдэг санал асуулгыг дахиад явуулна даа.

-Үүнийг заавал хийх гээд байгаа шалтгаан нь юу юм бэ. Зөв талдаа рультэй машины бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний ашиг сонирхол ард нь яваад байна уу?

-Ямар ч юм ярьсан түүнийг мушгин гуйвуулдаг шүү дээ.  Ийм сонирхлын зүйл үнэндээ байхгүй. Тэр битгий хэл бусад хотууд огт машингүй байх нэг өдөртэй байдаг юм билээ.  Энэ жишгээр л явъя гэсэн юм. 

-Монголчуудын тэн хагас нь буруу талтай жолоотой япон тэрэгтэй. Гэтэл ийм шийдвэр гар­гачихвал та болоод засаг барьж байгаа АН да­раа­гийн сонгуульд гарахгүй гэж шүүмжлэх хүмүүс зөндөө бий...

-Энэ бол улс төрийн хувьд эрсдэлтэй шийдвэр гэдгийг мэдэж байна. Гэх­дээ би хотын дарга шиг хотын дарга байя л гэсэн юм. Зөвхөн сонгуулийн төлөө гарч ирсэн хүн биш шүү дээ, би. Хотын даргын албан тушаалыг шо­хоорх­сондоо элдэв санаа са­наачилга сэдээд яваа юм биш. Хотоо гоё болгоё. Дүрэм журамтай, эмх цэгц­тэй байлгая гэсэн юм. Бид өнгөрсөн он жилүүдэд хэ­тэрхий дур зоргоороо яв­саар байгаад учраа оло­хоо байж, хөл толгойгоо алдчихлаа шүү дээ. Үүнийг эмхэнд нь оруулъя л гэсэн юм.

-Дугаар хязгаарлалт түгжрэл сааруулахад нэмэргүй болчихоод байна уу?

-Машины тоо нэмэг­дээд байгаа учраас хич­нээн дугаар хязгаарлаад ч нэмэргүй болчихоод бай­на. Машины түгжрэл гэдэг чинь бидний боддогоос аюултай үзэгдэл бол­чи­хоод байгаа. Нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийг унагаж байна шүү дээ.

-Та тэгж байгаад гэ­нэтийн шийдвэрүүд гар­гадаг. Ойрын үед ямар шийдвэр гаргахаар зэхэж байна вэ?

-Нийслэлийнхний орол­цоотойгоор сургуу­лиу­дын захирлыг өөр­чилнө. Хүүхдээ сургуульд өгч байгаа эцэг, эхчүүдээс санал асуулга асууж шийднэ гэж байгаа юм. Сургуулиудад тодорхой  өөрчлөлт хийх хэрэгтэй болчихоод байна. Хүүхдээ сургуульд өгч байгаа эцэг, эхчүүд тухайн сургуулийн үйл ажиллагаанд дүн та­вих ёстой. Түүнд үндэслэж сургуулийн захирлыг өөр­чилдөг баймаар байна.

-Дараагийн шинэ за­хирлыг нь яаж сонгох юм?

-Тусгай мэргэжлийн комисс тухайн сургуульд захирал хийх хэмжээний дөрөв, таван багшийг сон­гон шалгаруулалтаар сон­гож авна. Тэднээс хэнийг нь захирал болгох тухайд тухайн сургуулийн эцэг, эхчүүдээс асуух юм. Би урьдчилсан байдлаар ярьж байгаа шүү.

-Ер нь сургуулиудын захирлууд нэлээд уд­чихсан, бараг тэтгэвэрт гарчихсан  хүмүүс бай­даг байх аа?

-Тийм. Нийт сур­гуу­лиу­дын 30-аад хувь нь тэт­гэ­вэрт гарсан захиралтай байна. Дээрээс нь гэрээ­ний хугацаа өнгөрчихсөн хүмүүс ажиллаж байна.  Ер нь сургуулийн захирал солих ажлыг улс төрөөс ангид байлгана. Ялсан нам өөрийнхөө хүнийг за­­хи­рал болгодгийг өөр­чилнө.  

-Боловсролын сайд дэмжиж байгаа юу?

-Би  одоохондоо са­наа­гаа хэлж байгаа нь энэ. Журам гараад ирэхээр Боловсролын сайдтайгаа ярина.

-Гэр хорооллыг ба­рил­гажуулах ажил удах­гүй эхлэх гэж байгаа гэж сонссон...

-Тийм. Эхний ээлжинд инженерийн шугамд хол­бох бололцоотой зургаан газарт ажлаа эхлүүлнэ.

-Ямар газрууд байгаа билээ?

-Гандан, Зурагт, Дэн­жийн мянга, 100 айл гэх зэргийн газрууд бий. Гэх­дээ зөвхөн энэ хэдээр хязгаарлахгүй. Орон сууц бариулах хүсэлтэй аль ч гэр хорооллын иргэдэд бид хүрч үйлчилнэ. Гэр хо­роол­лынхон газрын эзэд учраас давуу эрхтэй байх болно. Тэд эхлээд хүсэлтээ тавь, бид түүнийг нь  хө­рөнгө оруулагчдад уламж­лаад явна гэсэн үг.  100 айл орчмын гэр хо­рооллын айлуудад өмнөх засаг, хотын захиргаа их дээ­рэн­гүй хандсан. Гэр хороол­лыг орон сууцжуу­лахдаа газрыг нь хямд үнэлж аваад газар дээр нь орон сууц барихаар бол­сон шүү дээ. Гэтэл хүн нэг удаа олдсон хувийн өм­чийн газраа шахалтад орж өгөх ёс байхгүй. Тэд ха­шаа­ныхаа газар дээр ний­тийн орон сууц бариулах уу эсвэл таун хаус ба­риу­лах уу гэдгээ өөрсдөө ший­дэг.

-Газраа өгчихөөд орон сууцаа өөрсдөө ху­далдаж авах юм уу?

-Үгүй шүү дээ. Үнэ төл­бөргүйгээр орон сууцтай болно гэсэн үг. Ингэхээр  манайхан ойлгохгүй бай­гаа юм. Би нэг газартай байлаа гэж бодъё. Хөрөнгө оруулагч компани ирээд газрыг минь авъя гэлээ. Тэгэхэд нь би "Та нар тэг­вэл надад хаус барьж өг. Эсвэл барьсан орон сууц­ныхаа гурван өрөөг өг" гэсэн шаардлага тавина. Энэ болзлыг хөрөнгө оруу­лагч компани зөвшөө­рөх­гүй бол бид газраа өгөх албагүй. 

-Тэгэхээр хөрөнгө оруу­лагч компаниуд эн­дээс ямар ашиг олох вэ? 

-Компаниудад маш их ашигтай. Газрын эзэдтэй тохиролцож чадвал айлуу­даас хандивын газар авч, тэндээ өөрсдөө үйлчил­гээний юм уу эсвэл орон сууцны барилга бариад ху­далдах ашигтай. Ком­пани иргэдэд "Та нарын хүсээд байгаа орон сууц, хаусыг бариад өгье. Гэх­дээ та нар оронд нь дун­даа­саа ма­найд хандивын газар өг" гэж хэлнэ. Иргэд үүнд дур­тай байх болов уу. Хө­рөнгө оруулагчийн буя­наар үнэ төлбөргүй орон сууцтай болж байгаа юм чинь хандивын газар гар­гаад өгөх байх.

Дээрээс нь тухайн гэр хорооллыг ба­рилгажуулах эрхийг авсан тухайн компанид инже­не­рийн шугам татах, сургууль эмнэлэг барих мөнгийг нь улсаас өгчихнө. Дараа нь тэр инженерийн бүтэц нь улсынх болох учраас тэр шүү дээ.

-Тендер явуулна гэсэн үг үү. Энэ бүхэн хэзээнээс эхлэх вэ?

-Жишээ нь  "Жигүүр гранд" гэдэг компани нэг гэр хорооллыг барилга­жуулах ажил хийх эрхтэй боллоо гэхэд инженерийн шугам татах, сургууль цэ­цэрлэг барих ажлыг дав­хар хийнэ гэсэн үг. Тэ­гэхээр энэ ажил барилгын компанид ч ашигтай, иргэ­дэд ч ашигтай. Үр дүнд нь хотын захиргаа хотоо гоё болгоод авна шүү дээ. Гурван талын ашигтай ажил удахгүй эхлэх гэж байна. Саяхан барилгын 40 том компанийг урьж, уулзалт хийж, хүсэлтээ тавь­сан. Мөн гадны хө­рөнгө оруулагчдад хандаж байгаа. Манай гэр хо­роол­лыг дахин төлөвлөж, ба­рилга­жуу­лах ажилд орол­цооч, туслаач гэдэг санал тавьж байгаа. Өмнө нь манай барилгын ком­па­ниуд  сул газар харагдвал аваад барилга барьж биз­нес хийх гээд байдаг зур­шилтай болчихсон бай­сан. Одоо тэгж газар өгөх­гүй. Гэр хорооллын иргэ­дийн амьдралыг дээш­лүүлнэ гэвэл эрх олгоно, бүх талаар дэмжинэ.

-Газрын асуудал юу болж бай­гаа вэ?

-Газрыг хурааж авах ажил амар­гүй байна. Гэхдээ  бид үүний цаана  ямар ч байсан гарна. Одоогийн байдлаар барилгын зөвшөөрөлтэй холбогдсон асуудлыг шийдэж байна. Дулааны, цахилгааны, барилгын зөвшөөрөлгүй барилгуудыг ангилж, асуудлыг цэгцэлж байна.  Бид газ­рын зөвшөөрөлгүйгээр баригдсан барилгуудын эрхийг хураагаад авчихсан. Жишээ нь, 120 мянгатад оршин суугчдын нар үздэг цонхыг халхалж барьсан гоёмсог өндөр барилгын эрхийг цуцалсан. Үүнийг буулгах гэхээр  нэг тэрбум 300 сая төгрөг шаардлагатай болчихоод байна. Ийм их мөнгөөр буулгасан нь дээр үү эсвэл ойр орчных нь иргэдээ оруулчих боломж байна уу гэдгийг хайж, судлуулж байна. Буулгахаас өөр аргагүй нурж унахад бэлэн болчихсон хулхины барилга бас байна.

-Хичнээн байгаа вэ?

-Шалгалтын дүн эцэслэж га­раагүй байна. Цаашдаа бид иргэдэд албан ёсоор анхааруулж байгаа. Зөвшөөрөлгүй барилга худалдаж авав,  зөвшөөрөлгүй барилга барих гэж байгаа компанид зээл өгөв гэж банкуудад хэлж байгаа. Хэрэв тийм зүйл гарвал та нар хохирлоо өөрс­дөө хариуцна шүү гэж сануулж байна. Иргэн та байшин авах гэж байгаа бол, банк зээл өгөх гэж байгаа бол шаардлагатай мэдээллийг эх­лээд биднээс аваарай гэж захиж байгаа. Хууль бус газрын асуудал одоогоор хүнд л байна.

-Зориг тань мохчихоо юу даа?

-Үгүй ээ. Хууль дүрэм зөрчиж авсан 40 газрыг хүчингүй болгож, хураагаад авчихсан шүү дээ. Яахав энэ асуудал нэлээд маргаантай, шүүх энэ тэртээ тулж байгааг л хэлж байна.

-Зоригтой шинэчлэл хийж бай­гаа сайд, дарга нарт за­нал­хийл­сэн захидал ирдэг болжээ. Танд тийм зүйл байна уу?

-Тийм заналхийлэл зөндөөн бий. Гэвч 90 оноос хойш ийм зүйл сонс­сон учраас дөжирчихөөд байна даа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ