Налайх бол Монгол улсад гадаадын жуулчдын орж гарах гол төв

2010-04-01 00:00:00

Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Налайх дүүргийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлгөөнийг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, Улаанбаатар бүсийн зөвлөл, Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар хамтран маргааш зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг “Нийслэл таймс”сонинд ярилцлага өглөө.

-Налайх дүүргийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт сэдэвт Улаанбаатарын бүсийн зөвлөлгөөний хурлын гол зорилго нь юу вэ?
-Монгол улсын мянганы хөгжлийн зорилт, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хууль тогтоомж, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрт тулгуурласан Налайхын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилгоо тодорхойлж, ажлыг эрчимжүүлэх, дүүргийн хөгжлийг хурдасгахад дээрх зөвлөлгөөний гол зорилго оршиж байгаа юм. Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүргийн нэг болох Налайх дүүргийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт, налайх дүүргийг хөгжүүлэхэд нийслэлээс хэрхэн дэмжих, налайх дүүргийг дагуул хот болгох, Налайх-Үйлдвэрийн цогцолборын хэтийн төлөв, энэ дүүрэгт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, бүс нутгийг хөгжүүлэхэд анхаарах асуудлууд зэрэг олон асуудлыг зөвлөлдөнө. Улмаар зөвлөлгөөнөөс гарах баримт бичгийг хэлэлцэж батлах, зөвлөмжийн төслийг танилцуулах юм.
-Налайх дүүргийг хөгжүүлэхэд нийслэлээс хэрхэн дэмжиж байна вэ?
-Налайх дүүргийг дагуул хот болгон хөгжүүлэхэд нийслэлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. НИТХ-ийн тэргүүлэгчдийн хурлаар налайх дүүргийн хөгжлийн хөтөлбөр, налайх үндэсний технологийн паркийн мастер төлөвлөгөө зэрэг хөгжлийн баримт бичгүүд баталсан. Мөн чөлөөт худалдааны бүс байгуулах, аялал жуулчлал барилгын материалын үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгох төсөөллүүдийг дэвшүүлсэн байгаа. Дээрхи бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох асуудал нэн хойшлуулшгүй зорилт болоод байна. Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн концепцийг тууштай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

-НИТХ-ийн тэргүүлэгчдийн хурлаар баталсан дүүргийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа явж байна. Үр дүн нь хэр байна?
-Налайх дүүргийн хөгжлийн хөтөлбөрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргаснаас хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч эхний үе шат дуусах дөхөж байна. Энэ хөтөлбөрийг Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн үзэл санаа, залгамж чанарт тулгуурлан баталсан л даа. Энэ хөтөлбөрийн эхний үе шатанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбаруудаас үйлчилгээ, аялал жуулчлал, хөдөө аж ахуй барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт алхам алхмаар ахиц дэвшил гарсаар байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жилд буюу 2006 оны эцэст барилгын материалаас зөвхөн шохой үйлдвэрлэн гаргаж байсан бол элс, шохой, тоосгоны шавар зэрэг барилгын материалыг түшиглэн үйлдвэрүүд байгуулагдсан. Тухайлбал “Налгар түшиг” ХХК үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулснаар портланд цемент үйлдвэрлэж байна. Мөн “Угалзан цамхаг”, “Топ тоосго”, “Цагаан ташаа”, “Чандмань эрхүүд” зэрэг ХХК-ууд байгуулагдсанаар 2009 онд цементийн үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 62.8 хувиар, тоосгоны үйлдвэрлэл 6.6 хувиар тус тус өссөн.
-Налайх дүүргийг чөлөөт бүс болгон хөгжүүлэхэд орон нутгийн хувьд түшиглэж болохооор зүйл юу байна?

-Улаанбаатарын бүс тэр дундаа Налайх бол Монгол улсад гадаадын жуулчдын орж гарах гол төв болдог. Мөн энэ дүүрэгт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нэн тохиромжтой Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, түүх соёлын дурсгалт газруудтай. Ингэснээр аялал жуулчлал, амралт сувилалын цогцолборууд байгуулагдаж дотоодын болон гадаад зах зээлд ч өрсөлдөх өргөн боломжтой юм. Тиймдээ ч дүүргийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт, төлөвлөгөөнд гадаад дотоодын жуулчдыг Налайхаар дайран өнгөрүүлдэг болох жуулчны баазуудын мэдээллийн төвийг байгуулан сурталчилгааг сайжруулах гэсэн зорилт дэвшүүлэн тавьсан нь үүнтэй уялдаатай юм.
-Алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэхэд байршил, боломжит давуу тал нь чухал ч эдийн засгийн хувьд дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байх?
-Тэгэлгүй яахав. Үйлдвэрлэл технологийн парк байгуулах,эрх зүйн орчинг бүрдүүлж уул уурхай барилгын материалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан нанобиотехнологийн үйлдвэрлэлийг дагасан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд татвар санхүүгийн оновчтой бодлогоор дэмжих, бага хүүтэй зээлийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Налайх нүүрсний том ордтой. Одоохондоо энэ ордоо зөвхөн олборлох хэлбэрээр ашиглаж байна. Тиймээс нүүрсний боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Мөн зүүн болон төвийн бүсийн малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний захыг түшиглэн түүхий эдийг боловсруулах жижиг дунд үйлдвэрийг байгуулах нь чухал.

-Улаанбаатар бүсийн хөгжлийн хувьд алслагдсан дүүргүүд, тэр дундаа Налайх дүүргийг хөгжүүлэхэд ямар зорилт тавьж байна?
-Нийслэл орчмын дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос зарим үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх болон шинээр үйлдвэрүүдийг барьж байгуулах замаар Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хүн амын хэт төвлөрлийг сааруулах цогц зорилтыг тусгасан. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаагаар дагуул хотуудыг хөгжүүлж, хотын зүй зохистой бүтцийг төлөвлөж, хүн амын төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзсэн л дээ.
-Налайх дүүргийн ирээдүйн хөгжлийн төсөөлөл ямар байгаа вэ?

-Энэ дүүргийн ирээдүйн төлвийн талаар хэд хэдэн санаа байна. Нэгдүгээрт Налайх дүүрэг байгалийн үзэсгэлэнт газар. Нүүрс эрдэс зэрэг түүхий эдийн болон усны нөөцөөр баялаг тул нөөцөд суурилсан үйлдвэрлэл, технологийн өөрчлөлт шинэчлэлтийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн инкубатор болон хөгжих бололцоотой “Ачаа тээврийн төв” байх төсөөлөл байгаа. Мөн өөр нэг нөхцөл боломж нь Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалын салбарын хөгжлийн давуу тал. Дүүргийн хүн ам 2030 онд 78.500 болж 2.8 дахин өсөх магадлалтай гэсэн тооцоо бий. Үйлдвэрлэл технологийн өөрчлөлт шинэчлэлтийг нэвтрүүлэх үйлдвэрлэлийн инкубатор болон барилгын материалын үйлдвэрлэл хөгжих суурь нөхцөл бүрдсэн, цемент, шохой, блокны зэрэг хэд хэдэн үйлдвэр байгуулагдсан. Мөн мянганы замын дагуу төрөл бүрийн үйлчилгээг бий болгох, малын түүхий эдийн захыг түшиглэн ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах, газар тариалан эрхлэх, жижиг дунд үйлдвэрүүдийн инкубатор парк байгуулах боломжтой. Энэ чиглэлээр цөөнгүй санал санаачилга ч гарч байна. Үүнтэй холбогдуулан дулааны станцыг түшиглүүлэн хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах, хайрга, тоосго зэрэг барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бид техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, мөн түүнчлэн дулаан хангамжийг хамааралгүй системд шилжүүлэх, түүнтэй уялдуулан шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, эрчим хүчний хэмнэлттэй тоноглолыг суурилуулах ажлыг 2011 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Налайх дүүрэгт хүн амын төвлөрөл ямар байна. Сүүлийн үед Улаанбаатар луу шилжин ирэгсэд ихэссэн?
-Алслагдсан дүүргүүдэд зохистой төвлөрөл бий болгох төслийг ирэх онд боловсруулахаар ЗТБХБ-ын сайдын багцад хөрөнгө нь тусгагдаад байгаа. Мөн хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах үүднээс захын дүүргүүдийг холбосон улсын чанартай авто зам дагасан хөгжлийг тэтгэсэн бодлогыг хэрэгжүүлж шинэ хотхон, шинэ суурин байгуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед дүүргийн хүн ам 26 мянга байсан бол 2009 оны эцэст 30 мянга гаруй болж 2006 оны эцэст хоршоо нөхөрлөл болон худалдаа үйлчилгээний 337 аж ахуй нэгж байсан бол энэ чиглэлийн аж ахуй нэгж 20-30 хувиар нэмэгдсэн байна. Дүүрэгт хөтөлбөр хэрэгжихийн өмнө 50 мянга хүрэхгүй толгой малтай байсан бол 2009 оны жилийн эцсийн тооллогоор малын тоо толгой 73219 толгой болж өссөн байна.

-Дүүргийн нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар эзэлж байхад малын тоо толгой нэмэгдэж байгаа нь сайн үр дүн мөн үү?
-Малын тоо толгой өсөх нь иргэдийн амьжиргаанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа ч жил тутам бараг 10 шахам мянгаар нэмэгдэж байгаа нь нөгөө талаасаа тийм ч сайн үзүүлэлт биш. Учир нь малын бэлчээр тариалангийн талбай хомс нутагт бэлчээрийн талхагдалд орж ургамлын төрөл зүйл устан өөрчлөгдөж байгалийн унаган төрхийг алдагдуулж байна.
-Шийдвэр гаргагч зарим хүмүүс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нэрээр мал бүхий иргэдийг алслагдсан гурван дүүрэг рүү нүүлгэх хэрэгтэй гэсэн үг хэлдэг?
-Тийм юм байж хэрхэвч болохгүй. Учир нь Налайх бол Монгол улсын тусгай хамгаалалттай бүс хоёрдугаарт Улаанбаатарын бүсийн болон Налайх дүүргийн хөгжлийн хөтөлбөрт Налайхыг Монгол улсын болон нийслэлийн аялал жуулчлал- амралт зугаа цэнгэлийн бүс болгон хөгжүүлсэн. Тийм болохоор 20-р зууны маягийн эсгий гэр хороолол хөглөрсөн бүс нутаг аялагч, жуулчдад таатай байхгүй. Ийм газар аялал жуулчлал цэцэглэн хөгжихгүй нь ойлгомжтой.
Б.Энхжаргал