“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Microsoft корпораци дэмжлэг үзүүлнэ

2014-02-13 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Microsoft Dynamics-ийн орон нутгийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар тус корпорацийн олон улсад нэвтрүүлсэн мэдээллийн технологийн туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга, “Нийслэл хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжин энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Бид төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээс гадна шинээр барих хорооллуудад цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал шинэ хорооллын оршин суугч, ус, цахилгааны төлбөр, түгээлттэй холбоотой мэдээллээ гэрээсээ цахимаар авч, шийдвэрүүлэх гэх мэт цахимаар авах боломжтой бүх үйлчилгээг бид нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ нь Монгол Улсын хэмжээнд анх удаа хийж байгаа төлөвлөлт учраас бидэнд мэдээллийн технологиор мэргэшсэн улс орнуудын дэмжлэг маш чухал байгаа юм. Тиймээс олон улсад нэр хүндтэй Microsoft корпорацитай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж олдсонд үнэхээр таатай байна” гэдгийг онцоллоо.
Microsoft Dynamics-ийн орон нутгийн менежер Пилар Торрес, “Орчин цагт дэлхийн улс орнуудын хөгжлийг мэдээллийн технологийн дэвшлээр нь тодорхойлдог болсон. Бид та бүхэнтэй хамтран ажиллаж, дэлхий дахинд нэвтрүүлж байгаа туршлагаасаа хуцаалцах болно” гэсэн юм.
Microsoft Dynamics-ийн орон нутгийн төлөөлөгчид “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хэсэгтэй тусгайлан уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай төлөвлөгөө гаргахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.