Цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудыг бүртгэнэ

2013-12-06 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.  Тус ажлын хэсэг нь дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулах бөгөөд гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоох юм.  Мөн бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулах юм. Түүнчлэн албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион  байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангах ажиллахыг Нийслэлийн ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт  үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.