Дизайн, соёл гэдгийг юуны түрүүнд нийслэлийнхээ иргэдэд ойлгуулах нь чухал байна

2013-11-06 00:00:00
Манай сонины энэ удаагийн “Их хотын өнгө төрх” булангийн зочноор Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур дизайны хэлтсийн дарга Д.Энхцогт оролцлоо. Түүнтэй тус хэлтсийн үйл ажиллагаа, Их тойруу төслийн ач холбогдлын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Архитектур дизайны хэл­тэс хэзээ бий болсон, ямар зорилго чиглэлтэй ажил­­­лад­гаас ярилцла­гаа эхэлье?

-2013 он гараад Нийс­лэ­лийн нутгийн захиргааны бай­гууллагуудын бүтэц бат­лагдаж, Барилга хот бай­гуулалтын төлөв­лөлтийн газар гэж байсан нь Нийс­­лэлийн Ерөнхий төлөв­лө­­гөөний газар болж 11 хэл­­тэстэй болон өргөжсөн юм. Манай газрын бүтцэд хо­тын даргын санаачлагаар Архитектур, дизайны хэлт­сийг байгуулсан.

“Дизайн”-ыг бид аль хэ­дийн амьдралынхаа салш­гүй хэсэг хэмээн хүлээн зөв­шөөрдөг. Тэгвэл хотын амьд­ралд энэ нэр томьёо орж ирж байгаа нь цаг ху­гацааны хувьд хоцорсон гэж хэлж болох ч санаачлан байгуулсанд баярлах хэ­рэгтэй юм.

Хүн гэр орноо тохижуулахдаа энэ тавилга нь энэнтэй тохирно, өнгө, загвар нь ийм байвал болно гэх мэтчилэн санаачлагатай ханд­даг. Гэтэл өнөөдөр бид 1.3 сая хүний гэр болсон Нийслэл хотоо дээрх жиш­гээр тохижуулж чадаж бай­гаа билүү.

Архитектур дизайны хэлт­сийн зорилго нь Нийс­лэл Улаанбаатар хотын ну­таг дэвсгэрт хийгдэж буй Тохижилт, бүтээн бай­гуу­лалтын ажлыг Улаан­баа­тар хо­тыг 2020 он хүр­тэл хөгжүүлэх ерөнхий тө­­­лөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөн­хий төлөвлөгөө, газар зохион бай­гуулалтын ерөн­хий тө­лөв­лө­гөөний дагуу хот төлөв­лөлтийн бодлоготой уял­­дуулан иргэдийн эрүүл аюул­гүй, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд ор­шиж байна.

-Ер нь хотын дизайн гэж юу юм бол. Хот төлөв­лөлтөд энэ нь ямар үр нө­лөөтэй вэ?

-Дизайн гэдэг нь хам­гийн энгийн бөгөөд хэрэглээн дээр гаргасан нэр томьёо юм. Анх Францад гар ур­лалд гарч ирсэн энэ нэр ааж­маар бусад салбар руу нэвтэрсэн.

Хот төлөвлөлтийн хувьд дизайн чухал үүрэгтэй. Ма­найх нүүдэлчин улс бай­сан ч суурин амьдралаар амь­дарсаар 30 жил өнгөрлөө. Энэ хугацаанд хөгжлөө да­гаад иргэдийн соёлд өөрч­лөлт гарч, нийслэлийн хойч ирээдүй болох хүүхэд, оюутан залуус маань хүр­тэл хогоо хогийн саванд хаяж хэвшиж байна. Бид­ний ярьж хэлж хийж байгаа бүхэн ч өөрчлөгдөж байна. Энэ бүхнийг төрийн хот тө­лөвлөлтийн бодлогын да­гуу, иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарсан байдлаар эрх зүйн орчинд нь тусгах хэрэгтэй. Ингэхдээ дизайн, дэг журмын соёл гэдгийг юуны түрүүнд иргэддээ ойл­гуулах, ухамсарт нь суул­гаж өгөх нь хамгийн чу­хал.

Дараа нь бид барилга байгуу­ламж, хөшөө дурсгал, зар суртал­чилгааны самбар, хаяг, хаягийн байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, гудамжны нэгд­­­сэн өнгө төрх ийм байх ёс­­­­той гэдгийг тусгах нь хот төлөвлөлтийн дизайн болж байгаа юм.

-Өнгөрсөн зургаан са­рын хуга­цаанд энэ талаар ямар аж­лууд хийв?

-Өнөөдрийг хүртэл хийг­­дэж буй ажил гэвэл Улаан­­баатар хотын дүр төрхийг бүрдүүлж буй хот то­хи­жил­тын ажлыг гудамж тал­­бай­гаас эхлүүлэн явж бай­на. Өнгөрсөн тавдугаар са­рын 17-нд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хө­рөнгө оруулалтын газартай хам­тарч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Хөгжлийн төлөө түншлэл” уулзалт хийсэн. Үүнд ир­гэд, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-д, бусад тө­рийн бус байгууллага оролц­сон. Уулзалтын үр дүнд Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг шинэчлэх, шинэ дүр төрхтэй болгох ажил эхэлсэн. Үүний нэг жишээ бол Их тойруу төсөл юм.

-Яагаад Их той­руу­гаас ажлаа эхлэх бол­ов?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын маань яг төв хэсэг нь Их тойруу. Тий­мээс хотынхоо төвөөс эхлээд тохи­жуулъя, дараа нь Улаанбаатар хо­тын 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагын дагуу бүтээн байгуулалтаа үргэлжлүүлье гэж үзсэн.

Их тойруу төслийн хам­­гийн тод жишээг дур­­дахад энэ сарын 11-нд Оюутны гудамж буюу МУБИС-иас IT парк хүр­тэл тохи­жуулж хү­лээл­гэн өгсөн. Энэ ажлыг “Оюу толгой” ХХК Монголын хо­туудын холбоотой хамтран хийсэн.

Ер нь хотын тохижилтод улсаас жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зардаг. Харин Их тойруу төслийн хувьд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын са­наачилга, оролцоо, хө­рөн­гөөр Улаанбаатар хотынхоо гудамжийг тохижуулж байгаа юм.

Энэ төсөлд 70-аад бай­гууллага хамтран ажил­ла­хаар болж, 11 нь гурвалсан гэрээнд гарын үсэг зураад, эхнээсээ тохижилтын ажлаа хийгээд явж байна даа.

-Их тойруу төсөлд хаа­на, ямар ажил хийгдэх талаар төлөвлөгөө байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Их той­руу дээр нийтдээ 62 гу­дамжийг тохижуулах тө­сөл хийгдсэн. Хо­тын төлөв­лөлтийн 2020 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу зам, байгууламжаар нь ангилж, дээрх 62 гудамжийг нэг, хоёр, гуравдугаар зэрэг­лэлийн зам гэж ялган, Үүний­хээ дагуу хэрэгжүүлэх бай­гууллагуудад тавигдах шаардлагыг боловсруулсан.

Жишээлбэл явган хүний замыг л гэхэд хамгийн их хөдөлгөөнтэй газарт бай­галийн чулуугаар хийхгүй бол элэгдэл, хорогдол их гардаг. Дөнгөж тавьсан яв­ган хүний зам л гэхэд амар­хан бутраад уначихдаг шүү дээ. Тиймээс тавигдах шаардлага зайлшгүй байх ёстой. Улсын хө­рөнгийг зөв зохистой ашиглах, Дээрээс нь иргэдийн аюулгүй бай­­далд анхаарах үүднээс за­мын зэрэглэлийн дагуу зэ­вэр­дэггүй, бат бөх никель, ган төмрөөр хийгдсэн хайс хийх жишээтэй.

-Манайд дүүрэг, нутаг дэвс­гэрээсээ шалтгаалан то­хижилтын ажлыг өөр өөрөөр хийдэг. Үүнд хэрхэн анхаарах вэ?

-Их тойруу төсөлд Сүх­баатар, Чингэлтэй дүү­рэг багтсан. Эдгээр дүү­рэг өөрс­дийн хэмжээнд тохи­жил­тоо хийх нь ойлгомжтой. Гэтэл энэ хоёр дүүрэг хоёулаа өөр өөр тохижилт хийж болохгүй гэсэн үг. Энэ бол Архитектур дизайны хэлтсийн барьж буй гол бодлого. Энэ бодлогодоо бид дүүргүүдийг улсын төс­вөөр тохижилт хийхдээ өөр өөр өнгө төрх гаргаж бо­лохгүй, нэг зарчмаар ажил­лахыг зааж өгсөн.

-Улаанбаатар хотод Туркийн хөрөнгө оруу­лал­­таар Анкарагийн гу­дамж, БНСУ-ын хөрөнгө оруу­лал­таар Сөүлийн гу­дамжийг то­хижуулсан. Эд­гээр гу­дамж нь тухайн хо­тынхоо хэв шинжийг хад­галсан байд­гаараа онц­логтой. Ха­рин Улаанбаатар хотод үндэс­ний хэв шинжийг хад­­галсан Улаан­­баатарын гу­дамж гэж байдаггүй шүү дээ?

-Нийслэл маань өөрөө Улаан­баатар хот шүү дээ. Улаан­баатарын гудамж гэж байх шаардлагагүй байх. Ха­рин гадны жуулчдын анхаарлыг татсан, үндэсний онцлог шингэсэн гудамж байх шаард­­лагатай. Жишээ нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Чингисийн өргөн чө­­лөөгөөр яваад Эзэн Чингис хааны талбайд хүрээд ирж байна. Энэ зам дагуух тохижилтыг түүхэн ач холбогдол бүхий загвар дизайнаар тохи­жуул­чихвал Монголын түүх соё­лыг сурталчилах задгай тэн­гэр доорх музей болох бо­ломжтой.

Ингэснээр гад­ны жуулчдын төдийгүй, Монгол Улсын иргэн бүрийн бахархал омогшлыг тө­рүүлэх гудамж зам тал­бай­тай болох юм. Ер нь цаа­шид зөвхөн үндэсний хэв шинжийг хадгалсан гудамж биш, залуусын гудамж, уран бүтээлчдийн гудамжийг цогцоор нь шийдэж өгөх шаард­лагатай байгаа юмаа.

Нэмж хэлэхэд өндөр гэ­гээн Занабазарын гудамж, Самбуугийн гудамж дахь тохижилтын зарим нэг бүр­­дэл хэсгийн загварыг өөр­­­чилс­нөөр үндэсний хэв шинжтэй болгож болохоор байнаа.

-Хотын дарга Япон улсад айлчлаад ирэхдээ Улаанбаатар хотыг Токио хотын жишгээр хөг­жүүлнэ гэсэн. Токио хотын хувьд барилга, байшингууд нь хүртэл нэгэн жигд өнгө, ди­зайнтай. Ха­рин манай хот энд тэндгүй эрээ­вэр ху­раавар өнгөний холимог бол­чихжээ. Үүнд цаашид хэрхэн анхаарах вэ?

-Газар зүйн онцлог, хүн амын өсөлт, хотын нягт­ралаас шалт­гаалан Хот тө­лөв­­лөлтийн бодлогыг урт ху­гацаагаар өнгөрсөн, одоо, ирээдүйг харан төлөвлөн хийдэг.

-Япон улс нүүдэлчин биш, суу­рин улс байсан. Энэ нь тэдний том давуу тал. Үүнээс гадна япон­чууд бүтээн байгуулалт хий­хээ­сээ өмнө иргэдийнхээ ухам­сартай тулж ажилласан шүү дээ. Төрийн бодлого нь иргэдийнхээ аюулгүй бай­дал, тав тух, аятай орчныг бүр­дүүлэх, үндэсний үзэл, эрүүл байх, гэх мэт.

Монгол Улс ч бас ойрын хэдэн жилийн дотор бүтээн байгуулалт эрчимтэй хөг­­жиж байна. Үүнийг да­гаад насжилт нь дууссан барил­гуудын талбай дээр шинээр бүтээн байгуулалтууд хийг­дэнэ. Гэхдээ бүгдийг нь нэг ижил загвартай барилга бол­гоно гэж байхгүй. Тий­­мээс түүхэн ач холбогдол бүхий барилга байгууламжийг авч үлдээд, харин барилга бай­гууламжийг зас­варлах урсгал зас­вар хийх, ши­нээр барих явцад тухайн гу­­­дамжны өнгө төрхтэй уял­дуулах боломжтой юм.

Хот тохижилтод зөвхөн төрийн бодлогоор арга хэм­жээ авна гэж байхгүй, ир­гэдийн оролцоо ч маш чухал. Иргэдийн хувьд хо­тоо цэ­вэрхэн байлгаж, улсын хөрөнгөөр баригдсан зам тал­бай, гэрэлтүүлэг, мэдээл­лийн самбаруудыг хайрлан хамгаалж, хогийн саванд хогоо хаяж, үр хүүхдүүддээ үлгэрлэх нь чухал гэдгийг хэлмээр байна даа. Хот гэдэг айл шүү дээ.

Хийгдээд дууссаны да­раа л “Нээрээ хот маань өдрөөс өдөрт өнгөө засч байна шүү. Ийм гоё болсон байна шүү” гэдэг нь харагддаг.

 
Э.Мөнхзаяа