Хот зам тээврийн салбараа БНСУ-тай хамтарч хөгжүүлнэ

2012-11-23 00:00:00

              Нийслэлийн засаг дарга Бат-Үүл өнөөдөр Бүгд найрамдах Солонгос улсын Зам тээврийн судалагааны хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Ким тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр Улаанбаатар хотын зам тээврийн асуудлаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Монгол улсын хувьд зам тээврийн асуудлаа цогцоор нь  шийдвэрлэх зөв бодлого  боловсруулах шаардлага байгаа. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын авто зам тээвэрлэлийн асуудлыг  шинэчлэх, замын түгжрэлийг бууруулах ажил хамгийн чухал байгаа юм. Энэ ч үүднээс Бүгд Найрамдах Солонгос улсын Тээвэрлэлтийн судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар болоод байна. Солонгосын тээвэрлэлтийн институтын ерөнхийлөгч ноён Кимийн хувьд Сөүл хотын замын түгжрэлийг цогцоор нь шийдэх ажилд гар бие оролцсон хүн юм байна. Тэр дундаа замынхаа голоор нийтийн тээврийн хэрэгсэл явдаг болгох, смарт карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх гээд голлох ажлуудыг гүйцэтгэж байсан байна. Энэ удаад монгол улсын зам тээврийн салбарт судалгаа хийж замын түгжрэл тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зөв бодлого боловсруулах тал дээр хамтарч ажиллахаар боллоо. Хотын даргын хувьд тус институтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ дуулгаж, тээвэрлэлтийн менежментийг сайжруулах судалгааныхаа ажлыг он гаргаад хэрэгжүүлж эхэлхийг хүслээ. Мөн тээврийн менежмент муугаас замын түгжрэлийн асуудал тулгарч байгааг онцлоод тус судалгааны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх ажил их байна гэлээ.  Цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд тээвэрлэлтийн асуудлыг зөв бодлогоор зохицуулах нь хамгийн гол асуудал байгаа юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.