“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа Новосибирск хотноо үргэлжилж байна

2021-03-25 18:26:09

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа 2021 оны хоёрдугаар сарын 25-нд хоёр улсын нийслэл Улаанбаатар, Москва хотоос эхэлсэн бол өнөөдөр Новосибирск хотноо амжилттай үргэлжилж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.   

Харин ОХУ-ын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, Новосибирск хотын дарга А.Е.Локоть тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Улаанбаатар, Новосибирскийн хооронд анх 2015 онд ах дүү хотуудын харилцаа тогтоосноос хойш хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, харилцан айлчлал тогтмолжиж байгаад бид баяртай байдаг. Новосибирск бол Сибирь бүсийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, тээвэр ложистикийн томоохон төв билээ. Цаашид бид технологийн шинэчлэл, үйлдвэрлэл, тээвэр ложистик гээд бүх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд ЗХУ түүний дотор Новосибирскийн мэргэжилтнүүд, барилгачид Улаанбаатар хотноо олон барилга байгууламжийг барьж байгуулан хорьдугаар зууны Монгол Улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэснийг бид өндрөөр үнэлдэг. Мөн Новосибирск хотын их, дээд сургуулиудад Монголын олон сэхээтэн, боловсон хүчин бэлтгэгдэж байсан бөгөөд одоо ч манай оюутан залуус амжилттай суралцаж төгсөн улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энд онцолъё" хэмээв.    

Найрамдлын буухиа ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотоос үргэлжилнэ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС