Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай

2020-09-30 10:10:13

2020 оны 09 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/1155                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгож цэцэрлэгт хүрээлэн,

ногоон байгууламж байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний усан парк” байгуулах зориулалтаар “Эм Энд Жи” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/375 дугаар захирамжаар 11800 м2 газар эзэмших эрх олгосон боловч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь цаашид ч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдож байх тул “Эм Энд Жи” ХХК-д олгосон дор дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

        1.1.Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.9 га газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар эзэмших;

        1.2.Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.26 га газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших;

        1.3.Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.9 га газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших.

           

       2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “Эм Энд Жи” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд байрлах 11.8 га газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны  6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д заасан шаардлагыг хангаж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар тохижуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, нийтийн эзэмшлийн зам талбайд бүртгэж, газар ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд тус тус үүрэг болгосугай.

 

        4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжийн “Эм Энд Жи” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

 

 

 

 

 

                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                       ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                       ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                       ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН