Э.Бат-Үүлийн “байлдан дагуулалт”

2013-08-27 00:00:00
Оросын “Комсомльская правда” сонины сурвалжлагч Дарья Асламова гэгч эмэгтэй Монголоор аялжээ. Монголчуудын дунд найр тавин инээмсэглэж, үгийн сайныг харамгүй хэлж явсан сэтгүүлч нутагтаа очсон хойноо хотын маань тухай ингэж бичжээ. “...би Улаанбаатарыг шинэ Дубай л гэж төсөөлж байсан. Гэтэл энэ хот намайг бүр шоконд оруулсан гээд бод доо.Үнэндээ гайхмаар зүйл юу ч алга. Монголын нийслэл хот ямар ч бодлого төлөвлөлтгүй барьчихсан, замбараагүй, нэг л сайхан тансаг болгох гэсэн мөрөөдөлтэй хот юм” гэж бичжээ.
Жаахан хатуу ч гэсэн үнэн нь энэ. Монголын эдийн засгийн өсөлт харийнханд энэ орны тухай сайхан төсөөлөл төрүүлдэг нь тодорхой. Гэтэл мөнөөх төсөөлөл бодит байдал хоёрын өдөр шөнө шиг зөрүү холын гийчдийг шооконд оруулдгийн нэг жишээ гэвэл энэ байх.
Аль ч талаар бодсон эх орны илэрхийлэл бол нийслэл Улаанбаатар хот. Гадны нэг сэтгүүлч ирээд л энэ хот бодлого төлөвлөлтгүй гэдгийг нь анзаарчихаж. Уг нь Улаанбаатар олон жилийн турш бодлого төлөвлөлттэй хөгжсөн хот. Гэтэл үүнийг хотын даргын суудалд тухалж байсан хоноцын сэтгэлгээтэй хэдэн дарга нар үгүй хийчихсэн хэмээн яригддаг. Хөгшдийн нарлах газар, хүүхдийн тоглоомын талбайг нь хүртэл булааж аваад зарчихсан, барилга барьчихсан.  
Холын сэтгүүлч бас нэг  зүйлийг анзаарчээ. Тэрбээр “нэг л сайхан тансаг болгох гэсэн мөрөөдөлтэй хот юм” хэмээн бичжээ. Тиймээ, ийм мөрөөдөл байгаа. Микротой хэрнээ  метротой болохоор,  дугуйн замгүй ч гэсэн хурдны замтай болохоор мөрөөдөж байгаа. Бас иргэдийнхээ гэрийн дэргэд цэцэрлэг, бага сургуультай болгох ажлыг барьж аваад байна. Хотын тэр мөрөөдлийг эргүүлж амилуулсан нь Э.Бат-Үүл.
Энэ зуны хотын өнгө өөр байлаа. Өнгийн цэцэгс алаглаж, хоггүй цэмцгэр орчноо дагаад оршин суугчдын сэтгэхүйд соёл иргэншлийн соёо нахиа түргэн төлжиж байх шиг анзаарагдаад байгаа юм. Улаанбаатар бол үнэндээ хөдөөжсөн хот. Хүсвэл дуртай газраа морь харж, шүлсээ хаяж болно. Ийм сэтгэхүй, дадлыг хязгаарлах боломж нь хууль журмаасаа илүүтэй цэвэр цэмцгэр ая тухтай орчин, түүгээр дамжин иргэдийн сэтгэхүйд суух ухамсар соёл юм. Юутай ч хүсвэл хотоо хоггүй байлгаж болох юм байна, цэцгэн хэлхээгээр чимэглэж чадна, замын түгжрэлийг багасгаж болох юм байна, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцож хэвшинэ, нийтийн тээврээр зорчвол цаг хугацаа хэмнэнэ гэхчлэн олон “боломжгүйг” бодитой болгож чадсан нь атганаасаа алдаж үл болох олз байлаа. Энэ хэрээрээ Улаанбаатар энэ зуны хувьд эрхэмсэг байдлыг ямар нэг хэмжээгээр илэрхийлж чадсан байх.
Өчигдөр Толгойтоос хойш Улаанчулуутын хогийн цэгээс нэлээн баруунаар хойшоо явж байтал зам хаачихсэн, асар том голчтой ус зайлуулах хоолой цутгаж байхтай таарлаа. Анзаарвал тэр хэсэгт гүүр тавих гэж байгаа бололтой юм. Хамт явсан нэгэн  “бүтээн байгуулалт хотын захад хүртэл хийгдэж байгаа юм байна” хэмээн сэтгэл өег өгүүлж байна билээ. Нээрээ, бид л Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг засмал зам төдийнхнөөр төсөөлөөд байгаа юм байна. Анзаарахгүй яваа болохоос бус их олон ажил хийгдэж байгаа бололтой.
Хэд хоногийн өмнө Амгалангийн дулааны станцын шав тавих үеэр очлоо. Гуч гаруй айл өрх, 5-6 аж ахуйн нэгжийн өмчлөл эзэмшилтэй энэ газрыг чөлөөлөх нь амар байгаагүй ч хавар зуны хэдхэн сард 10 га орчим газрыг чөлөөлж чадсанд олзуурхаж байлаа. Хэдэн жилийн өмнө 32-ын тойрог руу чиглэсэн замын ажил ганцхан айлаас болж бүтэн жил сараар хойшилж байсантай жиших  юм бол үүнийг “ОК” гэхээс яах билээ.
“Эр зориг”-ийн гэх тодотголтой Саппорогийн тойргийг дөрвөн замын уулзвар болгосны дараа нэг нөхөр ярьж байна аа. “Уг нь их амархан шийдэл юм байна. Урьдах нөхдүүд яагаад ингэж сэтгэсэнгүй вэ” гэж байна. Харин хажууд нь сонсч суусан нэгэн “яахав, санаа сохор бол нүд сохор гэдэг л тэр шүү дээ” гэж хариу барихтай санал нийлж суусан нь би. Одоо ийм дөрвөн замын уулзвар хотод олширч, нийслэлийн замын нэвтрүүлэх чадвар тэр хэрээр нэмэгдэж байна.
 
Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдах долдугаар хорооллын барилгажилт домог болтлоо яригдсан. Харин энэ зунаас бодит ажил болж  одоогоор 700 метр засмал зам  байгуулах, цэцэрлэг, сургуулийн хоёр барилгын ажил 85 хувьтай явж байгааг хэдхэн хоногийн өмнө УИХ-ын даргад танилцуулж байна билээ.
Их Хурлын дарга энэ үеэр Улаанбаатар хотын гэр хороолллын 26 сургуулийн цэвэр, бохирын асуудлыг шинэ технологи ашиглан шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болсныг сайшааж байгаа харагдсан. Энэ бол амьдралын чанарын өөрчлөлт шүү дээ.
Анхнаасаа дутуу тооцоолж  баригдсан Буянт-Ухаа дахь төрөх эмнэлгийн барилга дэд бүтцийн асуудлаасаа шалтгаалж жил улиран хойшилсоор байгаа. Харин үүнийг  нийслэлээс шийдэж, шугамын ажлыг дуусгажээ.
Хот бол том орон зай. Тэр бүхэнд бүгдэд биш юмаа гэхэд чухалд нь хүрч хүртээмжтэй ажиллаж байна гэсэн үг.
Улаанбаатарын гэр хороололд дахин төлөвлөлтийг эхлүүлж чадсан нь холыг харсан том ажил гэхээс яахав. Хот байгуулалт иргэдийн санал санаачлага, оролцоотойгоор хөгжих салхийг хагалж буй хэрэг. Хотыг хот шиг хот болгох, Улаанбаатарыг утаагүй болгох, эрүүл тохилог орчинг эргүүлж авчрах ганц гарц энэ байж мэднэ. Дахин төлөвлөлтийн давуу тал ирэх жилээс эхлэн анзаарагдах байх.
Хот иргэдээ сонсдог болсон. Томоохон шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналыг асуудаг. Хамгийн сүүлд гэхэд  Самбалхүндэвийн оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар иргэдийн саналыг мессэжээр авч байна лээ. Хотын хөгжил бол иргэдийн оролцоо гэдгийг Э.Бат-Үүлийн багийнхан чухалчилж байх шиг байна.
Хийж хэрэгжүүлж байгаа нь их ч, бас оршин суугчдын хүлээлт шаардлага бүр ч их буй. Олон жилээр хуримтлагдсан асуудлыг нэг амьсгаагаар шийдвэрлэнэ гэж үгүй. Бүтээн байгуулалтын хэр хэмжээ хүсэл сэтгэхүйгээс илүүтэй бэл бэнчингийн нимгэн зузаанаас шалтгаална. Юутай ч эх орны нийслэлд эзэн сэтгэл эргэж ирсэн нь олз омог. Үүнийг оршин суугчид мэдэрч анзаарч байгаа байх. Э.Бат-Үүл баатрын үед хот хэрхэн хөгжих вэ гэдгийг илүү мэдмээр байгаа бол “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй” танилцаарай. Эргэж хариуцлага тооцоход ч амар шүү дээ.
 
2012 оны сонгуулийн өмнөхөн Э.Бат-Үүл гишүүн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн стандарт эвдсэн юм даг. Харин хотын сонгуулийн компанийг удирдах холын санаагаа нуугаагүй билээ. Гэр хорооллынхноор шоу хийж байна гэж чичлүүлээд байсан хэрнээ сонгуулиар хотод багаараа гараад ирсэн. Н.Алтанхуягийн хэлсэнчлэн ёстой хавтгайдаа ялалт байгуулсан. Хотын унаган хүүхэд хотын дарга болсон анхны тохиолдол бараг энэ байх. АН-ын дараалсан хоёр сонгуулийн ялалтыг хотын ажлын өнгө хэмнэл дээр  хөллөсөн гэж ярих нь ч бий. Олны яриа оргүй биш, үнэн талдаа байх.
Юутай ч энэ удаагийн нийслэлийнхний сонголт нүдээ олсныг түүний анхны жилийн ажил харуулж байх шиг байна даа. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа хотын амьдралын хэм хэмнэлийг анзаарах бүрд ийн бодогддог.
 
П.Ядамдорж