Д.Отгонбагана: Зургаан настнууд бүгд сургуульд орох боломжтой

2013-08-12 00:00:00
Арав гаруй хоногийн дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ. Гэвч засварын ажил оройтож эхэлсэн, багтаамж хүрэлцээ хангалтгүй зэрэг асуудлууд яригдаж буй. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Д.Отгонбаганаас тодрууллаа.

-Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц өнөөдрийн байдлаар 45 орчим хувьтай байгаа гэж байна. Тэгэхээр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгаж амжих уу. Нэгэнт хугацаа давчуу байгаа учраас чанарын асуудал ч яригдах байх?

-Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх сургууль, цэцэрлэгт засвар хийх бололцоо байхгүй. Өнөөдрийн байдлаар  53 сургуулийн засварын ажилд 8.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч төсвөөсөө хамаараад яамнаас 3.6 тэрбумыг шийдэж өгсөн. Бид энэ шийдэгдсэн хөрөнгийнхөө хүрээнд боломжоороо засварын ажлыг хийж байна. Эхний ээлжинд нэн тэргүүнд шаардлагатай байгаа газруудад засварын ажил хийж байна. 

-Тэгвэл есдүгээр сарын 1-нээс өмнө засварын ажил дуусна гэж ойлгож болох уу?

-Болно.

-Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид элсэн суралцах насны хүүхдүүдийг бүгдийг нь элсүүлэх боломжгүй гэдэг асуудал яригдаад байгаа?
-Боловсрол шинжлэх ухааны яам болон Нийслэлийн боловсролын газраас бүх сургуулиудын хамрах тойргийг тогтоож өгсөн. Эндээс бүх хүүхдүүдийг сургуульд элсүүлэх бололцоотой гэж үзсэн. 
Тэгэхээр ямар ч хүндрэл учрахгүй нэг ч хүүхэд сургуульгүй хоцрохгүй. 

-Цэцэрлэгийн багш, удирдлагууд авлига өгсөн эцэг эхчүүдийн эсвэл танил талынхаа хүүхдийг бүртгэж авдаг гэсэн хэл ам жил бүр гардаг. Үүн дээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Манайхаас зөвлөмж гаргаж, бүх цэцэрлэгийн багш удирдлагуудад хүргүүлсэн.
Мөн цэцэрлэгийн нийгмийн ажилтнуудаас гадна хорооны Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудтай хамтраад энэ асуудлаар хийсэн судалгааг үндэслэн хүүхдүүдийг бүртгэх ажлыг зохион байгуулах юм.
Нэгэнт бүх хүүхдүүдийг хүлээн авах бололцоогүй учраас энэ мэтчилэн бусад хүндрэлүүдийг гаргахгүй байх тал дээр анхаарч байна. Яамнаас энэ сарын 19-нөөс бүртгэлийг эхлүүлэх чиглэл өгсөн байгаа.

-Хувийн цэцэрлэгүүдийн төлбөрт хяналт тавих уу. Хэт өндөр байна гэсэн шүүмжлэл бий?

-Хувийн цэцэрлэгүүд төлбөрөө өөрсдөө тогтооно. Яам болон Нийслэлийн боловсролын газраас шууд оролцох боломжгүй. Гэхдээ манайхаас тухайн төлбөр нь зөвхөн сургалтандаа зориулагдах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн төлбөрийг бодитоор тавьсан уу гэдэгт хяналт, судалгааг хийгээд явна. 

 
Д.Чингүүн