Манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шар сүүний уураг ашигладаггүй

2013-08-09 00:00:00
              Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид 2012 оны 05 дугаар сард үйлдвэрлэгдсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл Clostridium botulinum нянгаар бохирдсон  талаар олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын гаргасан удирдамжийн дагуу дээрх бэлдмэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн манай улсад худалдаалагддаг эсэх талаар судалгаа явуулж байна. Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб, Австрали, Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл, шар сүүний уургийн хатаасан бэлдмэл зэрэг нь Монгол улсад орж ирдэггүй гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ..  Энэхүү мэдээллийг баталгаажуулах үүднээс нэр заагдсан улсад үйлдвэрлэгдсэн хүүхдийн сүүн тэжээл, ундны ариутгасан сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл худалдаалж буй эсэхийг шалгахаар Нарантуул, Тэнгэр, Хархорин, Бөмбөгөр худалдааны төв, Замбала, Экстра, Скай, Оргил, Номин зэрэг 9 худалдааны төвд судалгаа хийгээд байна. Эдгээр газруудад дээрх орны нэр заагдсан бүтээгдэхүүн худалдаалагдаагүй байна. Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн хуурай сүүг авч ашигладаг АПУ, Витафит-Инвест, Тэсо зэрэг ХХК-ууд нь бүтээгдэхүүндээ шар сүүний уураг ашигладаггүй байна. Эдгээр газруудын үндсэн түүхий эд болох хуурай сүүнээс 4 дээж, бэлэн бүтээгдэхүүн болох савласан сүүнээс 4 дээж авч, стандартын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт гаргахаар МХЕГазрын лабораторид шинжлүүлэхээр өгөөд байна. Мөн “Цаст фүүдс”ХХК нь Хятад улсын “Менгниү” группын албан ёсны дистибьютер бөгөөд Хөх хот дахь салбараас “Монмилк” нэрийн 5 төрлийн савласан шингэн сүүг оруулж ирэн, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэйгээр худалдаалж байна. Дээрх 5 төрлийн ундны сүүнээс дээж авч шинжилгээнд хамруулаад байна гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ