Хот байгуулалтын чиглэлээр Инчон хоттой хамтран ажиллана

2013-08-09 00:00:00
Улаанбаатар хот БНСУ-ын Инчон хоттой 2008 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа билээ. Байгаль орчин,  Ногоон хөгжлийн сайдын урилгаар БНСУ-ын Инчон хотын дарга Сун Ён Гил тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 8 сарын 8-11- ний өдрүүдэд айлчилж байна. Инчон хотын дарга Сун Ён Бил тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа. Уулзалтаар хотууд хамтын ажиллагааныхаа хүрээнд хот байгуулалт, барилгажилт, бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн чиглэлээр  хамтран ажиллах, төрийн албан хаагч болон оюутан солицооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсоноос гадна Инчоны “Мөрөөдлийн төгөл” байгуулах хүсэлтээ илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэл хотод  гэр хорооллын дахин төлөвлөлт, зам барилгын ажил ид явагдаж байна. БНСУ-ын 3 том хотын тоонд ордог танай хотоос хот байгуулалт, бүтээн байгуулалт, тэр дундаа хотын ногоон байгууламжийн чиглээр туршлага солилцох завшаан олгож байгааг талархан хүлээж авч байна” гэсэн юм. Мөн  өнгөрсөн онд Инчон хотод болсон “Хамтын ажиллагаатай хотуудын чуулга уулзалт”-д нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа оролцсон юм. Чуулга уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа тус хотноо “БНСУ, Улаанбаатар хотын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг  зохион байгуулахаар тохиролцжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.