480 жолоочид торгуулийн хуудсыг нь хүргүүлжээ

2013-08-02 00:00:00
Өчигдрөөс замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэн. Уг дүрэмд зааснаар бол жолооч та замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хурд хэтрүүлбэл торгуулийн хуудсыг гэрийн тань хаягаар хүргүүлэхээр байгаа юм. Шинэ дүрэм хэрэгжихтэй холбогдуулан нийслэлд олон газар нэмж камер байрлуулсан байгаа. Одоогоор зөрчил илрүүлэх хяналтын камерыг Энхтайваны өргөн чөлөөнд байрлах бүх уулзварт суурилуулаад байгаа ажээ. Цаашлаад бусад уулзваруудыг ч камержуулж эхлээд байгаа юм. Өчигдрийн байдлаар нийт 480 жолоочид шуудангаар торгуулийн хуудсыг нь хүргүүлээд байгаа юм байна. Энэхүү торгуулийн хуудаст тухайн жолоочийн нэр, хаяг, регистрийн дугаар, дүрэм зөрчсөн байдлыг баримтжуулсан зурагтай байгаа юм.

 Хяналтын камер нь автоматжуулсан системтэй учраас дарга цэрэг, ажилчин гээд хэнийг ч ялгалгүй зөрчлийг баримтжуулан авах давуу талтай гэж албаныхан хэлж байгаа. Торгуулийн хуудас хүлээн авсан жолооч  14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын банкны Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Гэхдээ зөрчил гаргагч торгуулийн хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол жолоо барих эрхийг  нь зургаан сараас хоёр жилийн хугацаатай хасах хүртэл арга хэмжээ авах аж. 
 
Т.Энхэлээ