А.Лхагвадорж: Нийгмийн баялгаас гэр хорооллын иргэд хүртэх ээлж ирсэн

2013-07-25 00:00:00
“Ярилцах танхим” булан­гийн энэ удаагийн зоч­ноор “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” орон нутгийн өмчит үйлд­вэрийн газрын дарга А.Лхаг­вадоржийг урилаа. Түүнтэй Монгол Улсад хэрэгжүүлж буй хамгийн чухал төслийн талаар ярилцсан юм.
 
-Гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх их ажлыг манай улсад анх удаа эхлүүлээд байна. Төслийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Улаанбаатар хотын иргэдийн олонхи нь гэр хороололд амьдарч байна.  Гэр хорооллыг дахин төлөв­лөж барилгажуулах, газ­рыг нь шинэчлэн зохион байгуулах гэсэн үндсэн хоёр хэлбэрээр ажлаа эхэлж байгаа. Одоогийн байдлаар нийслэлээс санаачилга гаргаж гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийх байршлуудыг зарлаад шалгарсан компаниуд нь иргэдтэй гэрээ хийж байна. Нийслэлээс санхүүгийн чадавхи, туршлагатай, газрыг нь авсан иргэдийг түр байршуулах байртай компаниудыг шалгаруулсан. Энэ шалгуурыг давсан компаниуд иргэдээс санал авч байгаа. Ингээд иргэдийн олонхи нь тухайн компанитай хоёр талт гэрээ байгуулья гэвэл 30 хоногийн дотор хэлцэл хийж гэрээ байгуулах ёстой. Дараа нь гэрээгээ хийчих юм бол нийслэлийн гурван талт гэрээ хийж хотын Засаг дарга батламж олгож компаниуд бүтээн байгуулалтынхаа ажилд орно. Бэрхшээлтэй зүйл маш их байна.
-Энэ төсөлд гадны мэргэжилтнүүд оролцож байгаа юу?
-Байхгүй. Өмнө нь “Жайка”-гийн төсөл хэрэгжих байсан. Дээр нь гадны орнууд дахин төлөвлөлтийг хэрхэн хэрэгжүүлж байсан талаарх ерөнхий баримжаа л байна. Азийн орнуудын туршлагаас судалж байгаа боловч иргэд маань Европ маягийн соёлтой болж, амьдралын хэв маяг нь Азийн орны иргэдээс тэс өөр байна.
-Дахин төлөвлөлтийн талаарх мэдээлэл хангалттай цацагдаж байгаа. Иргэд энэ төслийг иргэд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Иргэд дэмжиж байгаа. Хотын шинэ удирдлагуудын бодлогын үр дүнд сүүлийн үед газрын үнэлэмж өслөө. Өмнө нь иргэд оршин суугаа газраасаа хөөгдчихгүй юмсан гэж л боддог байсан болохоос биш газраа байраар солих талаар бодож байгаагүй байх. Энэ бол асар том дэвшил. Хамгийн хэцүү зүйл нь мэдээлэл өгч, сургалт хийсэн ч гэсэн иргэд төр засгийн удирдлагууддаа итгэх итгэлгүй болчихсон байна. Төрийн хүн бол худал ярьдаг хүн гэдэг ойлголт олон хүнд бий болчихжээ. Иргэд бидний санаачилгыг дэмжиж байгаа боловч яг ажил хэрэг болгох гэхээр итгэхгүй, хөдөлж өгөхгүй байгаа юм. Зарим хүн за харж л байя, юу болж байгааг нь харж байгаад л шийдээ гаргая гэсэн бодолтой байна. Одоо төсөл хэрэгжүүлэх компаниуд нь шалгараад ажлаа эхэлж байгаа болохоор иргэдийн хандлага гайгүй болж байна. Хэдийгээр энэ ажил нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан ч гэсэн иргэдэд газраа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргах эрхийг өгч байгаа учраас иргэдийн оролцоо сайн байх ёстой юм.  Э.Бат-Үүл амласан юм чинь хэзээ хийхийг нь хүлээгээд л сууж байя гэхээс илүү би энэ төсөлд хэрхэн оролцох вэ гэдэг хандлага бага байна. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэх түлхүүр нь иргэдийн гарт бий.
-Нийслэлээс иргэдийн газрыг авахдаа “Үнэлгээ тогтоохгүй байгаа. Барилгын компаниуд хэт бага үнэ хэлж байна” гэсэн гомдол иргэдээс гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Нийслэлээс үүнд хяналт тавихгүй. Бид төрийн оролцоог аль болохоор багасгая л гэж зорьж байна. Иргэд ч төр энэ ажилд битгий оролц. Үнэлгээний асуудал зах зээлийнхээ жамаар л явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс хотын шинэ удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмаа батлаад компани болон иргэд хоорондоо тохир гэдэг зарчмыг баримтална. Өмнө нь хотын А зэрэглэлийн бүс гэж Сүхбаатарын талбайгаар барагцаалдаг байсан. Гэтэл хотын төвийг Ханын материал руу нүүлгэхээр тэр хавийн газар үнэд орно. Мөн нийслэлд найман дэд төв байгуулна гэхээр тэнд газрын үнэ өснө. Дээр нь дахин төлөвлөлт хийж байгаа байршлалуудад газрын үнэ нэмэгдсэн. Ингээд компани иргэдтэй хэлэлцээд эхлэхээр газрын бодит үнэ тогтож байгаа юм. Жишээлбэл бид өнгөрсөн жил Ханын материалын газар хамгийн багадаа хоёр өрөө байрны хэмжээнд хүрч үнэ цэн нь нэмэгдэнэ гэж хэлсэн бол иргэд сонгуулийн сурталчилгаа л гэж харах байлаа. Тэгэж хэлж ч байсан. Гэтэл өнөөдөр дахин төлөвлөлт хийж буй газруудад нэг айлын газар хоёр өрөө байрнаас ч илүү үнэд хүрэх боломжтой болж байна шүү дээ. Иргэд энэ төслийг амьдралд ганц олдох боломж гэж хараад байгаа юм. Гэтэл энэ бол газар гэдэг баялгаа бусдаас түрүүлж эргэлтэд оруулах боломж л юм шүү дээ. Улсаас иргэдэд малыг нь хувьчилж өгсөн. Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан. Дараа нь хотынхон орон сууцаа хувьчилж аваад барьцаанд тавьж наймаа хийх гэх мэтээр амьжиргаагаа дээшлүүлж байлаа. Харин одоо гэр хорооллын иргэдэд энэ боломж олдож байгаа юм. Гэтэл зарим хүн одоо л газраа зараад насаараа юу ч хийхгүй амьдрах юм шиг ойлгоод байна. Тиймээс иргэд эхний ээлжинд газраа хэрхэн эргэлтэд оруулах бодолтой байгаа тухай саналаа хэлэх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө саналыг хэлэх бус хөрш, ойр орчныхонтойгоо ярилцаж тохирох хэрэгтэй байна. Ганц хүн газраа эргэлтэд оруулж, амьдралаа өөд татаж чадахгүй. Тиймээс хөршүүдтэйгээ ярьж зөвлөх хэрэгтэй байна. Уг нь хотын захиргаа эсвэл Гэр хорооллыг орон сууцжуулах төслийнхөн иргэдтэй заавал хамтарч ажиллах хэрэгтэй юм. Би ийм саналтай байна. Та нар амласнаа хурдан биелүүл гээд явж байх хэрэгтэй байна.
-Гэр хорооллыг дахин төлөвлөх энэ ажилд иргэдийн идэвх муу байна гэсэн үг үү?
-Тийм. Иргэдийн оролцоо хангалтгүй байна.
-Хороо хорин, хэсгээрээ нийлээд санал гаргаж байгаа иргэн хэр олон байна вэ?
-Өнгөрсөн хавар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллын иргэдтэй уулзаж иргэдийг санал, хүсэлтээ илэрхийлэхийг гуйлаа шүү дээ. Засаг дарга 45 гэр хороолол хамарсан уулзалтыг хийлээ. Ингээд иргэдийн хүсэлд тулгуурлаж төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Тиймээс газрын эзэн иргэд энэ ажилд идэвхтэй оролцмоор байна. Түүнээс биш хэний газар байх нь хамаагүй газарт оруулаад төлөвлөчихнө гэж шийдвэл амархан шүү дээ. Нийслэлээс явуулж байгаа бодлого бол гэр хорооллын орхигдчихсон байсан иргэд газраараа амьдралаа залгуулах хэмжээнд хүрээсэй л гэж байна. Иргэд газраа хэдэн төгрөгөөр зараад нүүчихдэг биш амьдарч буй орчноо өөрсдөө төлөвлөчихнө гэдэгт итгэж байгаа юм. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болчихгүй амьдарч буй орчноо өөрсдөө бий болгох талаас нь дэмжиж ажиллана.
-Хүн бүрийн саналыг тусгахад их л хэцүү. Иргэд нэг их амар санал нэгдчихгүй байх?
-Мэдээж хэрэг хэцүү. Гэхдээ хуучны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе шиг хуу хамаад нэг ажил хийснээс энэ бэрхшээлээ даваад иргэн бүрийн саналыг тусгачихвал дараа нь ямар ч зовлонгүй болно.
-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий хороолол барих гэж төлөвлөсөн газарт ганц нэг айл газраа чөлөөлж өгөхгүй байгаа тохиолдолд албадан чөлөөлөхөөс өөр аргагүй биз дээ?
-Иргэдээс зөв зүйтэй санал санаачилга их гарч байгаа. Гудамжаараа нэгдэж саналаа илэрхийлж байгаа хүмүүс байна. Хоорондоо бүлэг болоод нэгдэж байгаа хүмүүс байна. Тэр ч байугай иргэд цэцэрлэг, сургуулийн барилгад газраа өгчихье. Харин миний газар дээр цэцэрлэг л бариарай гэж байгаа хүн ч бий. Ямартай ч иргэд маань төрөөс шаардах зүйлээ шаардаж, өөрөөс шалтгаалах зүйлээ хийж сурч эхэлж байна. Бид хүссэн ч эс хүссэн ч нийлж л энэ ажлыг явуулна.
-Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн газар ажил эхэлсэн байгаа. Энэ ажлууд ямар шатанд явж байгаа вэ?
-Одоогийн байдлаар 11 компани дахин төлөвлөлтийн төсөлд оролцох батламжаа авчихаад байна. Зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар эхний найман компани нь 70 гаруй айлын газрыг худалдаж авч, түрээсийн байранд оруулаад газрыг нь чөлөөлж ажлаа эхэлчихээд байна. Энэ компаниуд техникийн нөхцлөө авчихсан, дэд бүтэц тавих хөрөнгийг нь нийслэлээс шийдвэрлээд ажлаа үргэлжлүүлж байгаа. Энэ намраас барилгын ажлаа эхлүүлнэ. Эхний ээлжийн байрууд энэ намартаа багтаад ашиглалтад орно. Дараа жил гэхэд ажил хэвийн үргэлжилнэ. Ер нь маш хурдтай ажиллаж байна.
-Хувийн хэвшлийн компаниудыг нийслэлээс хэр дэмжиж байна вэ?
-Манай барилгын компаниуд нэг үеэ бодвол өөрсдийгөө аваад явчих чадвартай болсон байна. Энэ компаниудад гадны хөрөнгө оруулагчид итгэдэг болжээ. Ер нь тодорхой хэмжээний хөрөнгө босгож чадаж байна гэдэг нь түншүүддээ итгэлтэй болчихсон гэсэн үг шүү дээ. Дэд бүтэцжүүлэх хөрөнгийг нийслэлээс гаргаж бусад бүх хөрөнгийг барилгын компаниуд өөрсдөө дааж байгаа. Нэг ёсондоо төсвөөс мөнгө гаргахгүйгээр мөнгөтэй хүн, газартай хүн хоёр хамтарч бизнес хийж байгаа л хэрэг юм.
-Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компаниуд өөр компанитай хамтарч ажиллах боломж бий юү?
-Энэ бол тухайн компанийн дотоод асуудал шүү дээ.
-Нэг хашаан дотор олон айл байдаг. Энэ ч яах вэ гэхэд нэг хашааны газрыг хоёр хүн хамтран эзэмшдэг бол яаж зохицуулах вэ?
-Ерөөсөө газрын өмчлөгчтэй л тохирно.
-Хоёр өмчлөгчтэй байвал яах вэ?
-Нэг хашаан дотор олон айл байдаг. Гэхдээ газрын гэрчилгээн дээр нэр нь орсон хүмүүс нийлж нэг л шийдвэрт хүрнэ. Түүнээс биш хэдэн хүн хамтарч эзэмшдэг нь хамаагүй. Иргэд малаа хувьчилж авсан, орон сууцаа хувьчилж авсан. Одоо газрыг эргэлтэд оруулж байна. Орон сууц хувьчлахад Ханын материалд нэг өрөө байранд 11 хүн амьдардаг, хотын төвд гурван өрөө байранд ганцаараа амьдардаг гэж ялгаагүй. Үүнтэй адилхан хашаандаа ганцаараа амьдарч байгаа бол ганцаараа шийдвэр гаргана. 10 хүн бол нийлж байгаад нэг шийдвэр гаргах хэрэгтэй. Бүх хүний асуудлыг шийдвэрлэх боломж одоогийн байдлаар байхгүй байна.
-Төсөл хэрэгжүүлж байгаа газруудад эхний ээлжийн хороолол хэзээ бэлэн болно гэж төлөвлөж байгаа вэ?
-Компаниуд эхлээд нийслэлд шалгаруулалтад орж байна. Дараа нь иргэдээс санал авч байгаа. Ингээд иргэдтэй гэрээгээ хийнэ. Хүмүүс хэзээ ашиглалтад орох гэж байна гэж их асуудаг. Тэгэхээр хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн жилийн найман сард ажлаа авсан. Ингээд иргэдтэй тохиролцох ажил өнгөрсөн хавраас эхэллээ шүү дээ. Ер нь ажил маш хурдтай явж байна. Нэг зүйл хэлэхэд өнгөрсөн хугацаанд баригдсан барилгуудаас хэдэд нь гэр хороололд амьдардаг хүн орсон юм бэ. Бодож үзэх л асуудал. Бидний зорилго бол ашиглалтад орсон орон сууц бүрээс гэр хороололд амьдардаг хүн хүртэх ёстой гэж байгаа юм. Хот хөгжиж өндөр байшин барилгууд сүндэрлэж байгаа нь чухал. Гэхдээ тэр хэнд хүртээлтэй вэ гэдэг нь бүр чухал асуудал юм. Хэдэн мянган орон сууц баригдаад хэдэд нь гэр хороололд амьдарч байсан хүн орсон юм бэ гээд тооцож үзвэл сонин тоо гарах байх. Харин одоо бол ашиглалтад орсон барилгуудад гэр хороололд амьдардаг хүн орох болж байна шүү дээ.
-Нийслэл хот хүрээгээ тэлж байна. Гэтэл эрчим хүчний эх үүсвэр барихгүй бол ингэж хүрээгээ тэлэх боломжгүй гэж олон хүн үзэж байгаа. Шинэ хорооллуудын эрчим хүч, дулааны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Нийслэлээс шаардлагатай бол хэсэгчилсэн дэд бүтэц тавихаар болж байгаа. Жишээлбэл 200 өрхтэй нэг хороололд нэг дулааны станц барина. 200 яндангаас утаа гаргаж байхаар нэгээс гарч байвал дээр шүү дээ. Ингээд бага оврын шинэ технологийн халаалтын зуух барина. Цаашдаа энэ зуухнуудыг ч нэгтгэнэ.
-Иргэдэд гурван хувилбараас аль нэгийг нь сонгох боломж олгож байгаа. Ер нь аль хувилбарыг олон хүн сонгож байна вэ?
-Ерөнхийдөө иргэдээс авсан судалгааны дундажаас харахад иргэдийн 50 орчим хувь нь тохилог орон сууцаар газраа солих саналыг дэмжиж байгаа. 27 орчим хувь нь хувийн байшингаа бариад дэд бүтцийн шугамд холбуулъя гэсэн саналтай байгаа. Харин үлдсэн хэсэг нь харж байж болъё гэсэн. Ер нь бид тухайн байршил болгонд байж болох хамгийн зөв хэлбэрээр шийдье л гэж байгаа.
-Газар өмчлөх эрхтэйгээс гадна эзэмших эрхтэй хүн олон байгаа. Энэ хүмүүсийг яах вэ?
-Өмчлөгч, эзэмшигч хоёр адилхан эрхтэй. Бид иргэнд л таатай нөхцлийг бүрдүүлэхийг хичээж байна. Эцэст нь хашаанд амьдарч байгаа иргэний л амжиргаа дээшлэх ёстой юм. Би сая хэлсэн. Гэр хорооллын иргэд юу ч аваагүй үлдсэн гэж. Тэгэхээр Монгол Улсын түүхэнд бүтээгдсэн нийгмийн баялгаас хүртэх ээлж нь гэр хорооллын иргэд юм. Энэ хүмүүст л аль болох ихийг хүртээх бодлого л барьж байна шүү дээ. Иргэн хүн газраа ашиглаад зөв зарцуулж, менежмент хийгээсэй л гэж байна. Иргэдийн хувьд зүгээр л газраа тэдэн төгрөг гээд суух биш хөршүүдтэйгээ нийлээд энэ газрыг хэрхэн үнэд оруулах вэ гэдгээ ярилцаж төлөвлөлтөө хийх хэрэгтэй байна. Иргэдийн хувьд хашаан дотроо бус хашаанаасаа гарч гудамж хорооныхоо хэмжээнд сэтгэвэл илүү ашигтай юм. 
-Ярилцсанд баярлалаа.
 
 
Н.Санжаасүрэн