Их дээд сургууль, сургалтын төв, курс дамжааны үйл ажиллагааг 03 сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоолоо

2020-01-26 15:13:28

Амралтын өдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн  бодис, хэрэгсэл худалдан авах, илүү цагаар ажиллаж байгаа эмч, салбарын ажилтнуудын цалин хөлс, унаа машинд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргалаа.

Мөн Коронавирус тархсан газар нутаг болох БНХАУ-ын Ухань хотод суралцаж, хөл хорионд ороод байгаа Монгол Улсын 31 оюутныг эх оронд нь авчрах асуудлыг тус улстай яриа хэлэлцээр хийхийг Шадар сайдад, БСШУЯ-д тус тус даалгасан байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай мэдээллийг Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар болон бусад албаны хүмүүс Шадар сайдын өрөөнөөс сэтгүүлчдэл мэдээлэл өглөө.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дэлхий нийтийн түгшүүрийн харанга дэлдээд байгаа шинэ коронавирусийн тархалтаас ард иргэдээ сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцлээ. Уржигдар улсын онцгой комисс, өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан.  Энэ шийдвэрүүдэд үндэслэн өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж хэд хэдэн чиглэлээр тогтоол гаргаж баталлаа. Шинэ коронавирусийн тархалт маш хурдацтай үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус вирусээр дэлхийн хэмжээнд 1956 хүн өвчилснөөс 56 хүн нас бараад байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Тухалбал:

  • -БНХАУ-д 3000 гаруй
  • -Тайваньд 3
  • -Макаод 2
  • -Хонконгд 5
  • -Японд 2
  • -БНСУ-д 2
  • -Сингапурт 3
  • -Вьетнамд 2
  • -Австралид 1
  • -АНУ-д 2
  • -Тайландад 5
  • -Непалд 2
  • -Францад 3 хүн тус тус коронавирусаар өвчилсөн байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар коронавирус нь агаар дуслын болон амьсгалын замаар хүнээс хүнд халдварладаг шинэ төрлийн вирус юм. Тиймээс энэ өвчнийг ингээд эмчилнэ гэсэн бэлэн жорыг эрдэмтэд хараахан олж чадаагүй байна. Манай хил дагуух БНХАУ-ын зарим хотуудад, тухайлбал, Манжуур, Хөх хот, Эрээнд өвчилсөн иргэд бүртгэгджээ. Хэдийгээр манай улсад тус өвчний тохиолдол илрээгүй гэж байгаа боловч, өвчин тархах эрсдэл өндөртэй улс орны тоонд орж байгаа учраас бид сэрэмжлүүлэг арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай болж байгаа. Иймээс Засгийн газраас тогтоол гаргаж, тогтоолд хэд хэдэн чиглэлээр тодорхой арга хэмжээг авахыг холбогдох яамд, холбогдох газруудад үүрэг болголоо. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авах зардлыг шийдвэрлэх, хил орчимын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, ингэхдээ галт тэрэг болон онгоцноос бусад тээврийн хэрэгсэлд хэмжээнд хамааруулахыг ГХЯ, Хил хамгаалах ерөнхий газарт даалгасан бол Их дээд сургууль, МСҮТ-үүд, ОУ-ын хүүхдийн Найрамдал зуслангийн үйл ажиллагааг  03 сарын 02-ны өдөр хүртэл хаах, мөн олон нийтийн арга хэмжээ болох цуглаан, хурал, спорт, урлаг соёлын арга хэмжээ,  аялал зугаалга болон  уралдаан тэмцээн, PC тоглоомын газар, оюутны аливаа үйл ажиллагаа, жолооны курс, хэлний сургалтын төв зэрэг байгууллагын үйл ажиллагааг ч мөн түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Цахим болон теле хичээлийг ЕБС-ийн сурагчидад заах үүргийн БСШУЯ, Мэдээлэл технологийн газарт тус тус даалгалаа. Коронавирустай холбоотой мэдээлллийг зөвхөн нэг сувгаар, ЭМЯ-аас өгч байхаар болсон бөгөөд тус мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад үнэ төлбөргүй нэвтрүүлэх чиглэлийг тогтоолд тусгалаа” хэмээн Засгийн газрын тогтоолыг агуулгыг уншиж танилцуулав. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирусийн тархалт, урьчилсан сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлэгтэй холбоотой мэдээллийг баттай сурвалжаас буюу Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн нэг чиглэлээр өгч байх үүргийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Бид цөөхүүлээ, элдэв худал мэдээлэл сошиалаар тарааж, ард иргэдээ төөрөгдүүлмээргүй байна. Тиймээс иргэд олон нийт та бүхэн асуудалд тайван, айдасгүй хандаж, ЭМЯ-аас өгөх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна. Бидний зүгээс өгч байгаа гол сэрэмжлүүлэг бол гараа сайтар савандаж угаах, амны маск зүүж хэвших, халдвар бүртгэгдсэн газруудад зорчихгүй байхыг мөрдөж ажиллаасай гэж хүсэх байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Мөн салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын үнэн бодитой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх ажилд нийслэл бүрэн хяналт тавина. Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Үүнээс гадна Монгол улсыын хүн амын талаас илшш хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл  хот руу орж гарч байдаг шалган нэвтрүүлэх төвүүдэд коронавирусаас урьчилсан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр  төлөвлөж байна” гэснээр  Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийнхэнд хандсан хурал өндөрлөлөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс