Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобусыг туршиж байна

2020-01-21 15:22:58

Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна.  Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь  дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж.

Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай бөгөөд нийт 36 болон 90 хүний багтаамжтай, 12 м урттай юм байна. Түүнчлэн цонх хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбартай, зорчигчийн тав тухтай зорчих нөхцлийг бүрэн бүрдүүлжээ.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааланд хоёр галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товч дарж шууд унтраах автомат тохируулгатай галын хортой. Хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй. Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын 2 цэг баригдсан. Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгч байгаа юм.  

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс