Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай

2019-12-26 09:45:34

2019 оны 12 сарын 26-ны өдөр                                        Дугаар А/1377                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Нам даралтын халаалтын зууханд

түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай

 

 

      Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 11 дүгээр зүйлийн 11.3.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, “л”, 29.2, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 24 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад бүх төрлийн нам даралтын халаалтын зуухны газруудыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай.

 

      2.Нам даралтын халаалтын зуухны газруудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан дараах төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

 

    2.1.Улс, нийслэлийн болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар баригдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн болон зургийн даалгаварт дулааны эх үүсвэрийг түүхий нүүрс хэрэглэдэг хэсэгчилсэн халаалтын зуухнаас бусад төвлөрсөн дулаан, цахилгаан болон хий, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт техник, технологи ашиглахаар тусган баталж, батлагдсан даалгаврын дагуу боловсруулсан зураг төслийг зөвшилцөж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК /Г.Баярсайхан/, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /Д.Баярсайхан/-т, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОСНААУГ /Ч.Мэндбаяр/, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ /Г.Баттулга/-т тус тус;

 

     2.2.Төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжийн шугам сүлжээнд ойр байрласан, горим тооцооны хувьд холбогдох боломжтой халаалтын зуухнуудад техникийн нөхцөлийг шуурхай олгож ажиллахыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /Д.Баярсайхан/, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК /Г.Баярсайхан/-д тус тус;

 

      2.3.16-100 кВт/цаг хүртэлх хүчин чадалтай халаалтын зуухнуудыг цахилгаан халаалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулж, хэт ачаалагдсан дэд станц, шугам, тоноглолыг өргөтгөхөд шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэн ажиллахыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /Д.Баярсайхан/-д;

 

       2.4.Цахилгаан халаалтад шилжсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах тооцоо судалгааг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран гаргаж Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд;

 

     2.5.Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хийн болон сэргээгдэх эрчим хүчний халаалтын системд шилжүүлэх хөрөнгө оруулалтын тооцоог гаргаж, шийдвэрлүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Э.Ганхүү/-т, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

 

       2.6.Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орж байгаа түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагад дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай, зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхыг Нийслэлийн зохицуулах зөвлөл /Т.Гантөмөр/-д;

 

    2.7.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай, зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгчилсэн халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн хариуцсан халаалтын зуухны газруудыг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж ажиллахыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /ОНӨААТҮГ/ болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад;

 

      2.8.Гэр хорооллын амны орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бие даасан барилга байгууламжийн халаалтыг төвлөрсөн дулаан, цахилгаан, хийн болон сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт эх үүсвэрт дулааны шийдлээр хангах санхүүжилтийн эх үүсвэрийг татах боломжийг судалж гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамруулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Э.Ганхүү/-т, Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар /Ч.Батбилэг/-т; 

 

      2.9.Дулааны II, III, IV цахилгаан станц, Амгалан дулааны станцын утааны шүүлтүүр, үнс баригчийг үе шаттай шинэчлэх, стандартад нийцүүлэх ажлыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд; 

 

       2.10.Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналт тавьж, Агаарын чанарын бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа түүхий нүүрс   хэрэглэдэг  халаалтын  зуухтай  аж  ахуйн  нэгж, байгууллагуудыг  агаарын чанарын бүсээс гаргах ажлыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, Цагдаагийн Ерөнхий газар /Д.Ядамдорж/-т, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд тус тус;

 

      3.Энэхүү Захирамжийн 2 дугаар заалтад заасан төсөл, арга, хэмжээг хэрэгжүүлэхэд уялдаа холбоог хангах, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний 16-100 кВт хүртэл болон 101 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг буулгуулж, төвлөрсөн дулаан, цахилгаан, хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх тооцоо, судалгаа, төлөвлөгөөг боловсруулан танилцуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

    4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт, олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН