Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай

2019-12-25 09:00:57

2019 оны 12 сарын 25-ны өдөр                                        Дугаар А/1358                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг

сайжруулах зарим арга хэмжээний тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “д”, 29.1.6-ын “л”, 29.2, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

 

   1.1.Тусгай зөвшөөрөлгүйгээр хувийн орон сууцны конторын үйл ажиллагаа эрхэлж буй  иргэн, хуулийн этгээдийн хууль бус ажиллагааг таслан зогсоож, орон  сууцны байрны ус, дулаан хангамжийн ашиглалт үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

    1.2.Тусгай зөвшөөрөлтэй боловч мэргэжлийн үйл ажиллагаа нь доголдож оршин суугчдын эрх ашгийг удаа дараа зөрчиж буй хувийн орон сууцны конторт хариуцлага тооцох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо /А.Тлейхан/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /Ж.Батсуурь/,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд;

 

     1.3.Орон нутгийн өмчит мэргэжлийн байгууллагад орон сууцны байрын ашиглалт үйлчилгээг шилжүүлэх хүсэлт ирүүлсэн иргэн, Сууц өмчлөгчдийн холбоодын хүсэлтийг үндэслэн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн өмчийн маргааныг шийдвэрлэх хүртэл  ашиглалт үйлчилгээг нь Орон сууц, нийтийн удирдах газар ОНӨААТҮГ-т хариуцуулж  ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо /А.Тлейхан/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /Ж.Батсуурь/,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/, инженерийн хангамжийн ашиглалтын байгууллагуудад;

 

     1.4.Хөгжлийн банкны хөрөнгөөр баригдсан, орон сууцны ашиглалт үйлчилгээ нь маргаантай  Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1, 2” хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх  ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний зохицуулах хороо /А.Тлейхан/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /Ж.Батсуурь/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд; 

 

    1.5.Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын  ашиглалт, засвар үйлчилгээг нь хариуцан ажиллаж буй шугам сүлжээ нь орон нутгийн өмчид бүртгэлгүй 530 орон сууцны байрны гадна шугам сүлжээг холбогдох журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэхийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т;

 

    1.6.Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг давхар эрхлэх барилгын компани, хувийн орон сууцны конторын үйл ажиллагааг таслан зогсоож, тухайн байрны оршин суугчдын бүх нийтийн хурлаар Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, бүртгэхийг дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т; 

 

   1.7.Хууль бусаар байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг таслан зогсоох, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажилд үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, ажил үйлчилгээний түвшинг сайжруулах арга хэмжээ авч, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

    1.8.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс нь орон сууцны барилгыг хүлээж авахдаа ашиглалт үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хариуцуулан ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т; 

 

   1.9.Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн болон хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжийн усалгаанд Нийслэлийн төсвөөс хөнгөлөлт үзүүлж болох эсэх  судалгаа, тооцооллыг хийж танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд;

 

     2.Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дараах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т тус тус даалгасугай.

 

    2.1.Хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан шугам сүлжээнд БНбД-ийн жишиг үнэлгээ хийх, дараагийн хэрэглэгчийг холбох зэрэг ашиглалттай холбогдох журмыг боловсруулж, батлуулах;

 

   2.2.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019  оны  21/07 дугаар тогтоолын дагуу тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн болон инженерийн хангамжийн ашиглагч байгууллагын төлөөллийг оруулах саналыг боловсруулж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж шийдвэрлүүлэх; 

 

      2.3.Техникийн нөхцөл олгохдоо тухайн орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр олгож байхыг Инженерийн хангамжийн ашиглалтын байгууллагуудад;

      

     3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                           С.АМАРСАЙХАН