Д.Сүхбаатарын талбайн "Мөсөн коток" маргааш нээлтээ хийнэ

2019-12-24 13:48:59

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд маргааш 18.00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно.

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдах юм.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүйгээр тэшүүрээр гулгах боломжтой. Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм байна.