“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн Улсын үзлэгийн дүнгийн тухай

2019-12-20 09:00:54

2019 оны 12 сарын 20-ны өдөр                                    Дугаар А/1340                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

“Төрийн байгууллагын ажлын зохион

 байгуулалт, архив, албан хэрэг

 хөтлөлт”-ийн Улсын үзлэгийн

 дүнгийн тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн хэмжээнд “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн Улсын үзлэгийг амжилттай зохион байгуулж, үр дүнтэй ажил болсныг цохон тэмдэглэсүгэй.

 

     2.Нийслэлийн хэмжээнд “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгт хамрагдсан байгууллагуудын дүнг нэгдүгээр хавсралтаар, Улсын үзлэгт амжилттай дүгнэгдсэн салбарын шилдэг байгууллагуудыг хоёрдугаар хавсралтаар, улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангалтгүй зохион байгуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохих заавар, журмын дагуу хөтлөн явуулаагүйгээс хангалтгүй үнэлгээ /C, D/ авсан байгууллагуудыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

    3.Улсын үзлэгийг нийслэл, дүүргийн болон салбарын хэмжээнд зохион байгуулахад идэвх зүтгэлтэй, санаачилгатай ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулах, хангалтгүй дүгнэгдсэн байгууллагуудад зохих хариуцлагыг тооцож, ажил сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/, дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

       4.Улсын үзлэгийн дүн, зөвлөмжид дүгнэлт хийж, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг холбогдох заавар, журмын дагуу хөтлөн явуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ төлөвлөн зохион байгуулах, үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг жил бүр байгууллагын төсөвт тусгаж ажиллах, үзлэгт амжилттай дүгнэгдэж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулахыг Нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт, өмчит, аж ахуйн тооцоот газар, дүүргийн дэргэдэх нийт байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

      5.Төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт, арга зүйн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтэд тусгах, хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Х.Гантулга/, нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, нийслэлийн Архивын газар /Б.Баатархүү/-т тус тус үүрэг болгосугай.

 

       6.Нийслэлийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны нийгмийн асуудлыг хангах хүрээнд “Архивч” дэд хөтөлбөр боловсруулах, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үзлэгт хамрагдсан байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцааг тогтмол өгөх ажлыг тодорхой үе шаттайгаар төлөвлөн явуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/, Нийслэлийн Архивын газар /Б.Баатархүү/-т тус тус даалгасугай.

 

       7.Улсын үзлэгийн нэгдсэн дүн, илтгэх хуудас, цаашид авч хэрэгжүүлэх саналыг Төв комисст хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Нийслэлийн салбар комиссын дарга Э.Содномжамцад зөвшөөрсүгэй.

           

       8.Улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө, биелэлт болон байгууллагын дотооддоо зохион байгуулсан ажил, үзлэгийн дүн мэдээ, зөвлөмж зэрэг баримт бичгийг холбогдох байгууллагад тайлагнаж, архивлахыг нийслэлийн нийт байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болгосугай.

           

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН