Д.Хайсамбуу: Өндөр барилга Улаанбаатар хотыг сайхан болгоно гэсэн үг биш

2019-10-28 15:19:22

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг 1865,1924,1936,1957 онд тус тус шинэчлэн тогтоож байсан бөгөөд 1957 онд Богдхан уулын Чулуутын амнаас Жаргалантын амны урд ар, Айдасын даваа, Майхан толгой, Салхитын хөндий, Нисэх онгоцны хороо, Сонгино уул, Тахилын хяр, Толгойтын даваа, Чингэлтэйн ар орой, Баянгийн давааны ар орой, Сэлбийн амралт, Улиастайн Зуун мод, Цагдуултын ам, Баянзүрхийн орой, Чулуутын ам хүртэл 88,021 га-г хамрах байдлаар тогтжээ. 

Харин 1981 онд Улаанбаатар хотын ойр орчмын газар, усны 442, тусгай обьектын долоо, суурин газрын 11 нэрийг тодорхойлсон бол дүүргүүдийн хилийн цэсийг 1988 онд шинэчлэн зохион байгуулсан түүхтэй аж.

Улаанбаатар хот бүс нутагт төдийгүй олон улсад байр сууриа тодорхойлохуйц хэмжээнд нөлөөтэй болж, хөгжих ёстой

Эрдэм шинжилгээний энэхүү хурлын талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэл хот цаг хугацааг өртөөлсөөр өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хөгжин дэвшсээр 380 жилийн босгыг алхаж байна. 

Ойн хүрээнд бид бүтээлч ажлуудыг зохион байгуулж, өнгөрсөн хугацааны алдаа оноогоо цэгнэж, ирээдүйд илүү бодитой, үр дүнтэй, басхүү богино хугацаанд хөгжих боломжоо бүрдүүлэх үүднээс өнөөдрийн хотын хөгжлийн түүх, өрнөл, цаг хугацааны өөрчлөлтийн талаарх эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа юм.

Хотын үнэт зүйл түүхэндээ багтаж байдаг. Тиймээс түүхийн явцад хэрхэн хөгжиж ирсэн, цаашид ямар хугацаанд, яаж хөгжих тухай олон талаас, зөв дүгнэж байж бид хүрэх газраа хүрч, хот маань хөгжингүй хот болсон байх ёстой.

Улаанбаатар хот төлөвлөлт, бодлого шийдлээрээ бүс нутагт төдийгүй олон улсад байр сууриа тодорхойлохуйц хэмжээнд нөлөөтэй болж, хөгжих ёстой. Энэ хүрээнд 2030 он хүртэлх хөгжлийн болоод хэтийн зорилтуудаа боловсруулан ажиллаж байна" гээд богино хугацаанд агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эдийн засгаа сайжруулах гэх мэт тулгамдсан асуудлуудаа шийдэж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан төлөвлөлт хийх хэрэгтэйг онцолсон юм.

Хот төлөвлөлтийг ингэж алдагдуулж болохгүй

Академич, Монгол Улсын зөвлөх архитектор Д.Хайсамбуу “Улаанбаатар хотыг 1950 онтой харьцуулахад өөрчлөгдөж, хөгжсөн. Хот гэдэг бол тухайн нийгмийн илэрхийлэл юм. Түүнийгээ дагаад барилга нь хөгжиж байдаг. Тэр жамаараа ч явж байна.

Гэхдээ Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд ингэж их барилгажуулах нь чухал биш. Нуулгүй хэлэхэд замбараагүй болоод байна. Өнөөдөр том хороолол дотор орохоор гишгэх ч газаргүй болох нь. Уг нь барилга хоорондын зай, хэмжээ тодорхой байдаг. 

Хаана хоосон орон зай байгаа газар хэн нэг хүн барилга барьчихдаг, түүнийгээ хэвлэлээр сурталчлаад л өнгөрдөг. Ямар ч ач холбогдолгүйгээр хот төлөвлөлтийг ингэж алдагдуулж болохгүй.

Өндөр сайхан барилга барих нь Улаанбаатар хотыг сайхан болгоно гэсэн үг биш. Харин бодлого л хэрэгтэй. Энэ бол бидний анхаарах ёстой гол зүйлийн нэг" гэлээ.

Мөн 1960 оны дунд үеэс манай төр, засаг бүх зүйлийг л Улаанбаатар хотод төвлөрүүлсний улмаас нийслэл рүү нүүж ирэх хүмүүсийн тоо олширч, хөдөө орон нутаг эзгүйрч хоосорсон. Одоо ч хөдөөнөөс хот руу нүүсээр л байгаа бөгөөд энэ урсгалыг зогсоож чадахгүй байгаад санаа зовниж байгаагаа дурдав.

Бүсчлэлийн тогтолцоог нэвтрүүлэх нь чухал

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Зөвлөх архитектор Г.Нарангэрэл “Манай Улс Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 30 орчим жил болж байна. Энэ хугацаанд бид хот байгуулалт, төлөвлөлтийнхөө хууль эрх зүйн орчныг шинэ нийгмийнхээ тогтолцоонд тааруулж өөрчлөн шинэчлэх шаардлагатай.

Хот байгуулалтын үйл ажиллагааг эхлээд сайн төлөвлөх хэрэгтэй. Бид сүүлийн хэдэн жил хотоо хөгжүүлэх гээд олон төлөвлөлт хийж байна.

Манай зураг төслийн хүрээлэн 1998-2002 онд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газраар батлуулж байсан. Дараа нь 2010-2013 онд Ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон 2030 оны чиг хандлага гэсэн баримт бичгээ УИХ-аар батлуулсан.

Түүнийг батлуулснаас хойш зургаан жил өнгөрчихөөд байхад хэрэгжилт нь хангалтгүй л байна. Яагаад хангалтгүй байна вэ гэвэл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуулиасаа гадна дүрэм журмууд хэрэгтэй байна. Тиймээс бүсчлэлийн тогтолцоог нэвтрүүлэх нь чухал.

Бүсчлэлийн тогтолцоо гэдгийг үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичиг гэж ойлгож болно.

Хот байгуулалтын үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм байж хотын бүтээн байгуулалт эмх цэгцтэй явж, эцэст нь эрүүл, аюулгүй, цэвэрхэн хотыг бүтээн байгуулна” гэлээ.

1954-1955 онд Улаанбаатар хотоо цэцэрлэгжүүлэх, зөв зохион байгуулах олон нийтийг хамруулсан ажил маш эрчимтэй явагдаж байсан

ШУА-ийн Угсаатны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Эрдэнэбат судалгааныхаа хэсгээс хуваалцахдаа “Дэлхийн II дайны дараа нийслэл хотод хийгдэх барилгажуулалт тасалдсан ч 1946 оны зургаадугаар сараас эхлээд Маршал Чойбалсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх, барилгажуулах зүйлд чиглэсэн бодлого явуулсан учраас Улаанбаатар хотын эх суурь тавигдсан гэж ойлгож болохоор байна.

Энэ хугацаанд Улаанбаатар хотын хот тохижуулах, төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлт, соёл боловсролын гол төв болох үйл ажиллагаа нийт хот төлөвлөлтийн гурван ерөнхий схемд хамаарч явагдсан.

Судалгаа шинжилгээний үр дүнгээс өнгөц харахад төлөвлөлт болгон нь зохих хэмжээний үр дүнгээ үзүүлж байсан бөгөөд энэ цаг үеэс хүн амын тоо үргэлж өсөж байсан байдаг.

Түүнээс гадна Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын үеийн хамгийн онцлог үе нь 1954-1955 он гэдэг нь бидний хийсэн судалгаанаас харагдаж байгаа юм.

1954-1955 онд Улаанбаатар хотоо цэцэрлэгжүүлэх, зөв зохион байгуулах олон нийтийг хамруулсан ажил маш эрчимтэй явагдаж байсан. Үүний үр дүнд Улаанбаатар хотын төв болох Төрийн ордон, Соёлын олон байгууллага бий болсон” хэмээн ярилаа.

Тус хуралд нийт 18 академич, профессор, доктор цолтой эрдэмтэд оролцож, илтгэл тавьж, саналаа хуваалцсан юм.