Эрх шилжүүлэх тухай

2019-09-30 09:40:30

2019 оны 09 сарын 30-ны өдөр                                           Дугаар А/998                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 138 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хорооны орон сууцны хороолол хотхон дундах зам засвар, тохижилтын ажлын 75.0 /далан тав/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга /Ж.Алдаржавхлан/-д шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/373 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН