Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай

2019-09-10 09:00:53

2019  оны 09 сарын 10-ны өдөр                                         Дугаар А/920                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах

зарим арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 20 дугаар зүйлийн 20.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.3.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Цэвэр агаартай автомашингүй өдөр” арга хэмжээг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний Бямба, 15-ны Ням гаригт тус тус зохион байгуулсугай.

 

     2.Цэвэрлэгээний өдөр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж чийгшүүлэх ажлыг зохион байгуулж, уг үйл ажиллагаанд ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулан, идэвхтэй оролцохыг Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ, аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай.

 

    3.Бүх нийтийн их цэвэрлэгээг нэгдсэн удирдлагаар хангаж, нийслэлийн дүүрэг, хороо, харьяа газар, агентлагуудын цэвэрлэгээ хийх газрын хуваарь, удирдамжийг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт, харьяа нутаг дэвсгэртээ байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулах, хороодын Засаг дарга нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, уг үйл ажиллагаанд хяналт тавьж, цэвэрлэгээнд оролцоогүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

 

      4.Аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлыг 80-аас доошгүй литрийн багтаамжтай зориулалтын уутанд хийлгэж, тогтмол хуваарийн дагуу гараас гарт шилжүүлэн ачиж хэвшүүлэх, хүн, мал амьтны ялгадас, хүнсний шингэн хог хаягдлаар бохирдсон нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэн, ариутгаж, халдваргүйжүүлэх “Цэвэр хот” 1 сарын аяныг 2019 оны 09 дүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, энэхүү аяныг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд  үүрэг болгосугай.

 

      5.2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гаднаа ил задгай хог хаягдал үүсгэсэн, хог хаягдал хадгалах байр, талбай, сав, бункерийн битүүмжлэлгүй, хог хаягдлаа зориулалтын уут, саванд ангилан ялгаж хадгалаагүй, хогийн сав, бункерийнхээ орчин тойронд бохирдолтой, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийдэггүй, хогоо ил задгай шатаасан,  өөрийн  эзэмшлийн  бус  газар  хогийн  цэг үүсгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгож, зөрчлийг арилгуулан, шаардлага биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, хуваарийн дагуу хогоо ачиж тээвэрлээгүй, хариуцсан нутаг дэвсгэртээ ил задгай үүсмэл хогийн цэг бий болгосон хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад хариуцлага тооцож, хог цуглуулж, тээвэрлэх гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

     6.Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлалтай хогийн саванд хуримтлагдсан хог хаягдлыг өдөр бүр өглөөний 08:00 цагаас өмнө суллаж, ачиж тээвэрлэх, эвдрэл гэмтэлтэй хогийн савыг засварлах, бохирдсон савыг тогтмол угааж цэвэрлэхийг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/, хог хаягдлын үйлчилгээний байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

       7.Захирамжийн хэрэгжилт, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай.

 

      8.“Цэвэр хот” 1 сарын аяны үр дүн, захирамжийн хэрэгжилтийг тухай бүр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН