Баянзүрх дүүргийн 8-р хорооны дахин төлөвлөлтийн ажил албан ёсоор эхэллээ

2013-06-12 00:00:00
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Баганат-Өргөө” компани 06 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдтэй тохиролцсоны дүнд газар чөлөөлөлтийн ажил явагдаж, түүхэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр шав тавих ёслолын ажиллагаа зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад холбогдох албаныхан оролцсон байна. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын ажиллагаанд “Баганат Өргөө” компанитай хамтран төсөл хэрэгжүүлэхээр 2, 3 талт гэрээ байгуулсан 8 дугаар хорооны иргэд оролцож, барилгын шав тавих үеэр цай сүүнийхээ дээжийг өргөлөө. НИТХ-ын дарга Д.Баттулга “Анх төслийг зарлаж байх үеэс эхлэн Баганат Өргөө компани зоригтой шийдвэр гарган  оролцож,  хамгийн түрүүнд сонгосон талбай дахь иргэдээс дэмжлэг авч, гэрээ байгуулж чаджээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагааны Төслийн түүчээ нь болж яваа компанийн хамт олонд их бүтээн байгуулалтад нь амжилт хүсээд, энэ эрчээрээ үлгэрлэн ард иргэдийг тохилог орон сууцаар хангаж ажиллаарай” гэж онцлон хэлсэн юм. Тус компанийн газар чөлөөлөх ажлын явц 20 гаруй хувьтай байгаа бөгөөд  өнөөдрийн шав тавьсан газарт орон сууцны 16 давхар хоёр байрыг барьж ирэх онд ашиглалтад өгөхөөр барилгынхаа зураг төслийг Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан байна. 
Шав тавих үеэр 8 дугаар хорооны оршин суугч Х.Лхагвасүрэн гуайтай цөөн хором ярилцав.
Та энэ хорооны оршин суугч хүний хувьд төслийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
Эгч нь гурван хүүтэй. Манайх эндээ амьдраад олон жил болжээ. Гурван хүү маань энэ буурин дээр өсч өдий болсон, одоо ч эндээсээ нүүлгүйгээр орон сууцанд амьдрах болж байгаадаа туйлын баяртай байна. Хүний өссөн, төрсөн газар гэдэг  ондоо байдаг шүү дээ.  Тийм болохоор эгч нь маш их талархан хүлээж авч байгаа. Төслийг  би анхнаас нь сонирхож анхааралтай ажиглаж байсан.  
Та ямар хэмжээний газартай вэ. Төсөл хэрэгжүүлэх компанитай санасан хэмжээндээ тохиролцож чадав уу?
Эгч нь зүгээр суудаггүй хүн л дээ. Их, бага хэмжээний үйлчилгээний обьект, үл хөдлөх хөрөнгө бүхий 1 га орчим газартай. Төсөл хэрэгжүүлэгч компаниас манайд хангалттай санал тавьсны дагуу бид тохиролцож чадсан. Яагаад гэхээр би түрүүн хэлсэн, бид амьдарч байсан газартаа цаашид бүр тохилог орон сууцанд амьдрахаар боллоо. Газраа хангалттай үнэлж, үл хөдлөх хөрөнгөөр солих  гэрээг  амжилттай хийлээ. Анх бидэнд газрыг улсаас үнэгүй хувьчилж өгсөн. Гэтэл одоо үнэгүй авсан газраараа шинэ байр авахаар гэрээ хийлээ. Үүнээс илүү бид яаж баярлах билээ. Муу хэлэх нь битгий хэл илүү шунавал алдас болно дүү минь, газраа байраар сольж орно чинээ бодож төсөөлж байсангүй. Маш их баярлаж байна даа. Зарим хүмүүс элдэв юм ярих л юм. Хүн өөрөө хүсээд ахуй амьдралаа өөд татья гэвэл сайхан зүйлд хүрч болдгийн жишээ гэвэл эгч нь байна даа гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.