Төрийн үйлчилгээнд шинэчлэл хийх ажлын хэсэг хуралдлаа

2019-07-01 17:24:47

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг цахимжуулж, уламжлалт загварыг шинэчлэн иргэн, аж ахуй нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор нийслэл, дүүргүүдийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”, “Нэг цонхны үйлчилгээ”-г операторын горимд шилжүүлж “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчлөх, төрийн үйлчилгээнд шинэчлэл хийх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 захирамжаар байгуулагдсан.

Уг ажлын хэсгийн Төрийн үйлчилгээний ангилал, төрийн үйлчилгээний дахин загварчлал хийх үүрэг бүхий  НЗДТГ-ын даргын А/85 дугаар тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “А” танхимд боллоо. 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дэх 25 байгууллагын 312 үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлагын талаарх дэлгэрэнгүй судалгаа, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэг цонхны үйлчилгээ, хорооны нэг цонхны үйлчилгээнд тус тус судалгаа хийхээр ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэлээ гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.