100 айлын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлана

2019-07-01 13:15:25

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хэсэгчлэн хааж шийнэчлэн засварлахаар шийдвэрлээд байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл хаана. Долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хаана гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад засвар шинэчлэлтийн ажил тав хоног урагшаа хойшоо болох магадлалтай” хэмээлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой иж бүрэн зам байх болно. Энэ хавиар үйлчилгээний газрууд ихтэй, суурьшлын бүс учраас нэг мөсөн хаалгүйгээр гурван хэсэг хувааж хаах болсон. Зам барилгын ажлыг графикт хугацаандаа дуусгах үүднээс хүн, хүч, техник хэрэгслээ 100 хувь бэлэн болгосон байгаа. Нийт 3.4 тэрбум төгрөгөөр барина. 100 айлын зам доогуур маш олон шугам сүлжээ бий. Үүнийг хүчитгэх, заримыг нь зайлуулах, тунелийн системд оруулах зэрэг олон ажлууд хийгдэнэ. Үүний дараа дахин шугам сүлжээний ажил хийгдэхэд замаа эвдэж, хуулах шаардлага гарахгүй. Мөн борооны ус зам дээр тогтдог байдал цаашдаа энэ зам дээр огт гарахгүй. Түүнчлэн хотын мэдэлд байгаа нийтийн эзэмшлийн газар дээр зогсоолын тоог нэмэгдүүлж, шинээр барина” хэмээв.

100 айлын замыг хэсэгчлэн хаах үеэр зорчих түр замын зураг

Улаанбаатар зам, засвар арчлалтын газар зам барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.