Хүй долоон худагт Үндэсний спортын цогцолбор байгуулна

2013-06-03 00:00:00
Үндэсний их баяр наадамд зарцуулах төсвийг өмнөх жилүүдээс хамгийн өндөр буюу 50 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Гэхдээ төсвийг Засгийн газар хараахан батлаагүй байгаа аж. Сонгуулийн жилийн наадамд их мөнгө гаргаж байгаа нь зарим хүнд хар төрүүлээд байгаа бололтой. Нэгэнт л татвар төлөгчийн халааснаас гарах мөнгө учраас хартай байх нь бас ч аргагүй. Гэхдээ энэ жил зориуд их мөнгө гаргаж байгаа нь зуны олимпийн наадмыг 2040 онд Улаанбаатарт зохион байгуулна гэсэн зорилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой аж. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллалаа. Наадамд зарцуулах их мөнгөний үнэр эцэстээ юунд шингэхийг татвар төлөгчийнхөө хувиар тэднийг даган сурвалжилсан юм.
 
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ИХ МӨНГӨ НААХГҮЙ
Наадам долдугаар сарын 11-нд болно. Үүнээс өмнө Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд урсгал засвар буюу будах, тохижуулах ажлыг хийнэ. Гэхдээ их энд их мөнгө наах­гүй. Энэ жилдээ багахан засвар хийж, 2000 хүний эвхдэг сан­дал нэмж байрлуулах юм байна. Хотын дарга Э.Бат-Үүл энэ талаар хэлэхдээ, “НИТХ-ын хурлаар Хүй долоон худагт Монгол наадам нэртэй парк байгуулья. Өөрөөр хэлбэл Үндэсний спортын цогцолбор болгоё гэсэн шийдвэр гарга­сан. Энэ утгаар нь, Төв цэн­гэлдэх хүрээлэнг орчин үеийн спор­тын тэмцээн, гүйлт, хөл­бөмбөг, мөсөн гулгуурын тэм­цээн зохион байгуулах чиглэ­лээр ажиллуулах зорилттой байгаа. Өмнө нь цэнгэлдэхийн 51 хувийг нийслэл эзэмшдэг байсан. Гэтэл намайг ажил ава­хад хот 49 хувийг, аж ахуйн нэгжүүд 51 хувийг эзэмшдэг болсон байсан. Бид хувь эзэмшигчтэй уулзахад зураг төслөө хийж үзүүлье гэсэн” гэв.
Жил жилийн наадмаар тулгардаг асуудлын нэг нь ав­томашины зогсоол. Энэ жилийн хувьд автомашины зогсоолыг олшруулсан учраас асуудал бараг гарахгүй. Зөвхөн Дүн­жин­гарав худалдааны төвийн өмнөх талбайд гэхэд 3000 машин зогсох боломжтой гэв. Харин ирэх жил нэлээд эрс­дэлтэй тулгарах ажээ. Учир нь, А зогсоол буюу “Оюунтүлхүүр сан”-гийн талбайд тус компани наадмын дараа Морин хуурын цогцолбор барьж эхэлнэ. Мөн дахин нэг зогсоолд талбайн эзэн “Говийн-Од” компани хоёр сарын дараа барилгын ажил эхлүүлэх гэнэ. Түүнчлэн Г зог­соолыг эзэмшиж буй “Суруга Монгол” компани талбайдаа “Жапан Таун”-ы барилгаа үргэлжлүүлэх ажээ. Иймээс Үндэсний ит баяр наадмыг алсдаа Хүй долоон худагт хийхээс аргагүйд хүрнэ гэж хотын удирдлагууд хэллээ. Энэ үеэр нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Энэ жил автомашины А зөвшөөрлийг 400 хүнд дууд­лага худалдаагаар, Г зөв­шөөрлийг 2000 хүнд, Д зөв­шөөрлийг 100 хүнд, Ж зөв­шөөрлийг 170 хүнд, М зөв­шөөрлийг 4000 хүнд олгохоор төлөвлөсөн талаар хэллээ. Ингээд наадмын комиссын гишүүд Хүй долоон худагийг зүглэлээ.
 
ХҮЙ ДОЛООН ХУДАГИЙГ ДАРХАНЫ ЗАМТАЙ ХОЛБОХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ
Наадамчин олон хурдан морины уралдааныг үзэхээр хотын төвөөс Хүй долоон ху­даг руу  бүтэн таван цаг явж хүрдэг билээ. Тэгвэл энэ жил замд ингэж олон ца­гаар түгжрэхгүй болжээ. Нийс­лэлийн Автозамын газрын дар­га Д.Нанзаддорж энэ талаар “Хүй долоон худгийг 361-ийн гарам буюу Дарханы замтай хатуу хучилттай замаар хол­бох ажлыг өнгөрсөн пүрэв га­ригт эхлүүлсэн. Энэ 8.5 км замыг бид долдугаар сарын 5 буюу наадмаас өмнө дуусгах төлөвлөгөөтэй  ажиллаж байна. Хөгжлийн банкны Чин­гис бондын хөрөнгөөр “Гу­дамж” төслөөс санхүүжүүлж байгаа болохоор компаниуд урьдчилгаа төлбөр авахгүй ажлаа эхлүүлсэн. Нийт замын 30 хувийг барьсны дараа сан­хүүжилтыг нь өгнө. “Экспресс зам”, “ОДМД”, “Наранбулаг хан”, “Эрдэнэ зам”, “Тэгш плант”, “Дагшин харгуй” зэрэг зургаан компани энэхүү ажлыг гүйцэтгэж байна.
Энэ тойрог замыг хийснээр Улаанбаатар хотоос ирсэн наадамчид Хүй долоон худагт баяр наадмаа үзчихээд эргээд Дарханы замаар нар зөв эргэж 22-ын товчоогоор буцах ёстой. Хуучин бол соёолон морьдын уралдаан үзэхэд өглөө 10.00-12.00 цаг хүртэл нэг чигийн урсгалаар автомашинуудыг цагаар хязгаарлаж явуулдаг байсан. Шинэ зам ашиглалтад орсны дараа ингэж хязгаар­лахгүй нэг чигийн урсгалтай болно” гэж комиссын гишүүдэд танилцуулсан. Хэрвээ дээрх ажил хугацаандаа багтаж дуусвал Эрдэнэт, Сэлэнгэ, Дарханаас ирсэн наадамчид заавал хотын төвөөр дайрч Хүй долоон худагт ирэх шаардлагагүй болох ажээ. Энэ үеэр Наадмын комиссын дарга Д.Тэрбиш­дагва Төв аймаг болон Сон­гинохайрхан дүүргийн Засаг дарга нарт наадмын бэлтгэл ажил дуустал зам барих талбай, хурдан морь уралдах нутагт айлууд буулгахгүй байхад хяналт тавихыг үүрэг болголоо.
 
ТООС ШОРООГҮЙ, ХОГГҮЙ НААДНА
Монголчууд бид дэнж хотойтол наадлаа гэж ярьдаг. Гэхдээ наадам дууссаны да­раа хотод чихрийн цаас, дутуу идсэн хуушуур, тамхины иш­нээс авахуулаад хур их хог хөг­лөрдөг нь үнэн. Хотын ерөн­хий менежер Б.Бадрал ийм асуудал гаргахгүй байхад анхаарал тавьжээ. Зөвхөн Хүй долоон худагт гэхэд хоёр ангилалтай 200 ширхэг том хогийн сав, 200 гаруй жижиг хогийн сав байрлуулна. Мөн 26 ширхэг контайнер хэлбэртэй зөөврийн бие засах газар байрлуулах ажээ. Нэг контайнерт 5-7 суул­туур байх учраас бие за­сахаар ирсэн хүмүүс урт цу­ваа үүсгэхгүй, арга ядсан хэ­сэг нь олны нүдэн дээр хүнд­ээр бие засахгүй гэсэн үг. Хамгийн гол нь хот төсвийн шинэ зарчимд шилжсэн юм байна. Үүгээрээ дотоодын компанийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүү­нийг худалдаж авч, ажлын байр нэмэгдүүлэх зорил­готой. Тодруулбал, наадамд зориулсан хогийн сав, сандал, барилгын материалыг зөвхөн үндэсний компаниудаас ху­далдаж авах ажээ. Энэ нь цаашлаад бүтээн байгуу­лалтад ч тусгалаа олсон байна.
Хүй долоон худагт тоос ма­нарган наадсан хүмүүс буцах­даа халаас дүүрэн шороотой буцдаг. Энэ жил иргэдийг ая тухтай баярлуулахын тулд хотын захиргаа Хүй долоон худагт 3000 хүний суудалтай үйлчилгээний талбай байгуул­на. Энэхүү 12.5 га талбайг це­ментэн хавтангаар бүрэх уч­раас тоос шороогүй үйлч­лүүлж болох ажээ. Хуушуур, хорхог, айрагны худалдаа эрхлэх зөвшөөрлийг өгөхөд хатуу шаардлага тавина. Иймээс хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлагад сэтгэл зовохгүй байж болох нь. Түүнчлэн үйл­чилгээний хэсэгт гэрэлтүүл­гийн  64 шон, морины урал­дааныг сууж үзэхэд зориулж том лед дэлгэц суурилуулах юм.
 
НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ РҮҮ АВТОБУС ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Хүй долоон худагт 7000 автомашины зогсоол барихаар болжээ. Нийслэлийн Автоза­мын газрын дарга Д.Нанзад­дорж, “Автома­шины зогсоол барих ажил хараахан эхлээгүй байгаа. Бидний төлөвлөснөөр 3320 машины болон 2175 машины багтаамжтай хоёр хэсэг зог­соол барина.
Мөн 108 авто­бусны зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Зогсоолыг эко хавтангаар хий­хээр төлөв­лөсөн ч хавтан нийлүүлэх үйлдвэ­рүүдийн хүчин чадал хүрэл­цэхгүй байгаа. 20 га талбайд эко хав­тангаар ав­томашины зогсоол байгуу­лахад 4.5 тэрбум төгрөг хэ­рэгтэй. Үүнд зориулж 700 мян­ган хавтан хэрэглэнэ. Гэтэл одоо 10 мянган эко хав­тан бэлэн  байгаа” гэв.
Хотын дарга энэ үеэр наад­маар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй үйлчилнэ. Мөн төмөр замын тээврийн үйлчилгээний талаар санал солилцож байгаа гэсэн юм. Шадар сайд, Наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва наадмын бэлтгэл ажлын явцтай танилц­саны дараа “Маргааш  /өнөө­дөр/ Наадам зохион байгуулах үндэсний хороо хуралдана. Энэ долоо хоногт наадмын төс­­вийг Засгийн газрын ху­ралдаанаар батална. Хүй до­лоон худагт өрнөх бүтээн бай­гуулалт бол цаашдаа үндэсний спортыг хөгжүүлэх чухал алхам болно. Энэ хэсгийг Монгол наадмын цогцолбор болгох төлөвтэй байгаа. Ямартай ч Хөгжлийн банкны “Гудамж” төслөөс замд зо­риулж 5.2 тэрбум, эко зогсоолд зориулж 4.5 тэрбум, үйлчил­гээний талбай байгуулахад зориулж 3.5 тэрбум төгрөг гаргах боломжтой” гэлээ.