Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-06-12 08:05:23

2019 оны 06 сарын 12-ны өдөр                                            Дугаар А/572                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

 хүчингүй болгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах нийтийн эдэлбэрийн цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий 10800 м², эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “Улаанбаатар хотын банк” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий 10800 м² газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Сүхбаатар дүүргийн Засаг дарга /Х.Болормаа/-д тус тус үүрэг болгосугай.

 

       4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжийн хавсралтын “51” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН