Нийслэлд цэвэр усны нөөц багасч, бохир зайлуулах байгууламж сүйрлийн ирмэгт иржээ

2013-05-27 00:00:00
Нийслэлд цэвэр усны нөөц багасч, бохир зайлуулах байгуламж сүйрлийн ирмэгт иржээ
 
Цэвэр усны түгээлт долоон тэрбумын алдагдалтай гэнэ
Өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл УСУГ-ын ажилтай танилцав. Нэг хурал, уулзалтаас нөгөөд нисэж явдаг түүнийг 14 цагт УСУГ-т очиход тус газрын удирдлагууд угтаж авав. Нийслэлийн ихэнх байгууллагын дарга нарын тавьдаг байрны асуудлыг тавихаа С.Үнэн дарга мартсангүй. Мэргэжлийн хяналтынхан тэдний байранд акт тавьсан бололтой юм. Санал тавьж байгаа, сонсож байгаа хоёр энэ асуудал бүтэхгүй гэдгийг мэдэж байгаа бололтой. Энэ тухай Засаг дарга сонсоод л өнгөрөв. Харин мэргэжилтнүүд нийслэлд цэвэр усны нөөц хомсдож байгааг танилцуулаад, хязгаарлагдмал нөөцөөр нийслэлийг хэрхэн хангаж байгаа, усны түгээлт, гарцыг компьютерээр хэрхэн хянадгаа үзүүлэв. Тэдний яриагаар бол нийслэлчүүд найдвартай цэвэр ус хэрэглэж байгаа аж. Гэхдээ тэдний санааг зовоож байгаа хоёр асуудал бий. Эхний нь цэвэр усны нөөц худгууд байрладаг газрыг хувь хүн, компаниудад олгосон шийдвэрийг яаж зогсоохоо мэдэхгүй байгаа гэнэ. Жишээлбэл цэвэр усны эх үүсвэр болж байгаа худгуудын байрлаж байгаа газрыг тусгай хамгаалалтаас гаргаад “Дүнжингарав” компанид өгчихсөн. Иймэрхүү зөрчлүүд цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд С.Үнэн даргаас цэвэр усны нөөцийн бүсэд барилгаа барьсан дөрвөн өрх зөвшөөрөл хүсээд зовоогоод байгаа гэнэ. Харин С.Үнэн дарга “Захирамжаа гаргуулаад ир” гэж буцаадаг аж. Энэ нь нийслэлийн Засаг дарга руу явуулж байгаа гэсэн үг бололтой юм. УСУГ нь усны эх үүсвэрийн нөөцийн газартайгаа ноцолдож байх зуур хувь хүн компаниуд дураараа худаг гаргах нь олширсон. Нийслэлд байдаг албан ёсны 150 шахам худгаас хэд нь, ямар асуудалтай байгааг Нийслэлийн Засаг дарга гурван удаа асуугаад хариулт авч чадсангүй. Учир тэр худгууд өөр газарт харьяалагддаг. УСУГ баталгаатай цэвэр усыг худгуудад түгээх үүрэгтэй. Тэдэнд нийслэлийн хэмжээгээр байдаг худгуудын тооноос өөр юм байхгүй. Наад захын зураглал ч байдаггүй аж. Харин худгуудыг паспорттой болгох шийдвэр гаргавал тэд хаана, хэдэн худаг байгааг хэзээ нэгэн цагт мэдэх боломжтой болно. Учир нь худгаа ажиллуулахын тулд тус газраас чанар, стандарт хангасан гэсэн бичиг авах юм байна. Мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа дараагийн асуудал бол усны үнийн асуудал. Тус газрынхан нэг литр усыг өөрийн өртгөөс нь зургаа дахин хямдаар түгээдэг буянтай байгууллага. Жилд долоон тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг боловч, алдаглаа хаанаас нөхдөгөө тайлбарласангүй. Алдагдал гэр хорооллоос гардаг гэнэ. Харин байшин хорооллоос нэг тэрбумын ашиг олно. “Э.Бат-үүл дарга аа манайх нэг өдөр хаалгаа барьчихвал битгий гайхаарай” хэмээн Ж.Үнэн дарга сүрдүүлэх, сануулах маягаар хэлээд үзэв. Энэ бүхнийг сонссон Засаг дарга “Нийслэлчүүд баталгаатай цэвэр усаар хангагдаж байна гэдэг сайн хэрэг. Та нар асуудалтай худгийн тоог хэлж чадахгүй юм байна. Яагаад цэвэр усны нөөцийн худгын газрыг компанид өгдөг байна” хэмээн асуув. Хариуд нь Ж,Үнэн дарга “Өмнө нь гаргачихсан шийдвэр. Одоо тэд нар яагаад гаргасан гэдэгтээ тайлбар хийхгүй байх аа” гэв. Харин Засаг дарга Э.Бат-Үүл “Тэр шийдвэр гаргасан хүмүүс усгүй болбол өөрсдөө ч сүйрнэ гэдгээ мэддэггүй юм байх даа. Газрын асуудлыг шийднэ. Цэвэр усны үнийг эсвэл чөлөөлөх, эсвэл үнийн зөрүүг танай байгууллагад өгөхөөс өөр аргагүй. Бид нийтийн тээврийн үнийн зөрүүд 60 шахам тэрбум төгрөг өгч байгаа. Энэ бүлэг чинь нийслэлийн хүн амын 20 хүрэхгүй хувь нь. Гэтэл нийслэлийн нийт хүн амын хэрэглэж байгаа цэвэр усны түгээлтийг хэвийн хангахад долоон тэрбум гаргачиж болно” гэхэд С.Үнэн дарга тааламжтайгаар толгой дохисноор УСУГ-ын ажилтай танилцаж дуусав.
 
Засаг дарга зочирдов
 
Засаг даргын дараагийн айлчлал Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж. Энэ нь айлчлаад байхаар газар биш юм байна. Нийслэлийнхэн энэ газрын салхин доогуур явахдаа ам, хамраа дарж сүйд болно. Толгойтод байрладаг энэ байгууллагын хашаанд ороход л аймшгийн үнэр хамар цоргино. Засаг дарга хашаанд орж ирээд машинаасаа буухдаа “Би Канадад үүнээс том цэвэрлэх байгууламжид орж байсан. Ийм үнэр байхгүй байсандаа” гэв. Харин тус байгууллагынханы ярьж буйгаар бол муухай үнэр эрс багассан. Анх удаа л ийм том дарга тэдний хашаанд үзэгдэж байгаа гэнэ. УСУГ-ын байшин нь нурах, өрөнд орох, нөөцийн газраа алдах зэрэг зовлон Төв цэвэрлэх байгууламжийн зовлонгийн дэргэд юу ч биш гэнэ. С.Үнэн дарга ч үүнийг тооцсон бололтой нийслэлийн Засаг даргад чамгүй ноцтой мэдээлэл бэлджээ. Тэдний ярьж буйгаар бол цэвэрлэх байгууламжийн хүчин чадал өнөөдөр дээд цэгтээ тулсан. Маргааш нэг дусал бохир нэмэгдэхэд нийслэлд бохирт живэхэд бэлэн. Одоогийн ашиглаж байгаа байгууламжийг засварлах, өргөжүүлэхэд шинийг барьсанаас их хөрөнгө шаардана. Тэгээд ч засах нь бүү хэл, засварлах зургийг гаргах мэргэжилтэн олдохгүй зургаан жил болж байгаа гэнэ. Бохироор дамжин ирэх хаягдал, хиймийн элементийн хэмжээ стандартаас хэдэн арав дахин нэмэгдсэн. Гэхдээ ажилчид, мэрэгжилтнүүд энэ бүхнийг аргацааж өдөр хоног өнгөрөөж чадаж байгаа аж. Үүнээс шийдэх аргагүй нөхцөл нь бохироор дамжин ирж байгаа хром гэдэг химийн бодис. Үүнийг хэн ч, яаж ч чадахгүй. Энэ нь утаа, хөрсний бохирдлоос илүү хөнөөлтэй. Тус байгууллага өдөрт 150 мянган тонн бохир ус цэвэрлэж байхад, дэргэд байгаа цахилгаан станцууд өдөрт 60-70 мянган тонн дэлхийн стандартын хүнсэнд хэрэглэх цэвэр ус ууршуулж суудаг.  Инженерүүд саарал усаа цахилгаан станцуудад өгөх, шинээр цэвэрлэх байгууламж барих санаагаа тайлбарлав. Шинэ байгууламжид 380 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэхдээ энэ байгууламжийн ашиглалтын зардал одоогийнхоос гурав дахин бага боловч, хүчин чадал нь хоёр дахин их. Хугацаа хэрэгтэй ч, ирээдүйн найдвартай ажиллагаатай. Бохироосоо метан ялгаруулж өөрийн цахилгаан, дулааны ихээхэн хэсгийг хангана. Усны цэвэршилт дэлхийн стандартад нийцнэ. Хаягдал маш бага гарна. Байгал бохирдуулахгүй гээд олон давуу талтай. Цэвэрлэх байгууламжийн хамгийн том бэрхшээл нь арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал. Дээрх хаягдлыг бүрэн цэвэрлэж чадахгүй байгаагаас нийслэлийн баруун өмнөд хэсгийн Туул голоос тэжээгдэж байгаа их хэмжээний талбайг иргэд сонирхохгүй байгаа гэнэ. Энэ бүхнийг сонссон Засаг дарга Э.Бат-Үүл нүүр нь чинэрч “Хятадад нийлүүлж байгаа түүхий эдийг эдийг цэвэрлэх гэж нийслэлчүүд ингэж баларч байгаа юм уу. Ийм байхад нийслэлийг өргөжүүлэх, шинэ суурьшлын бүсийн тухай ярих боломжгүй болж байна. Наад бохир чинь Сонгино, Шувуунд хүн амьдрах нөхцөлгүй болгоно. Хүн бүү хэл мал сүйднэ. Юун эрүүл мах, сүү. Ямар хорлонтой зохион байгуулалт вэ” гэв. Дараа нь бид цэвэрлэх байгууламжийн хоёр барилгаар орж үзэх гэсэн боловч гаднаас ирсэн хэн ч амьсгал давхцаад, хамар цоргиод орж чадсангүй. Харин ажилчид нь огт тоосон шинжгүй орж, гарцгаах юм. Сонирхолтой нь хуулиар тэдэнд жаахан сүүнээс өөр юм хялайлгадаггүй гэнэ. Хүнд, хортой нөхцөлд тооцогддогүй бололтой юм.
Засаг даргын эдийн засаг
УИХ-ын гишүүн байхдаа эдийн засаг бага ярьсан, Засаг дарга Э.Бат-Үүл чамгүй эдийн засагч болсон санагдав. Байгууллагуудаар явах зууртаа тэрээр хоёр ч удаа утсаар ярьсан. Эхнийх нь яриаг сонсвол, хэн нэг нь барилга барих тухай бололтой “Та нар нэг юмыг ойлгохгүй юм. Барилгын асуудал хууль, хурал /НИТХ хоёрт шилжсэн байгаа. Би гарсан хууль, шийдвэрийг хэргжүүлэхээс өөр мэдэлгүй. Хуулиндаа нийцэж байвал надтай, надгүй юм аа хийгээд л яв л даа. Хууль, журамтайгаа танилцаад л юм аа хий” гэв. Дараагийнх орон сууцны ойролцоо үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийн тухай яриа байсан болов уу. “Иргэдээс нь зөвшөөрөл авчихсан бол надтай ярих юм байхгүй. Хуулинд иргэдээс зөвшөөрөл авах тухай байхгүй. Гэхдээ хуулинд та нарыг наана чинь үйлдвэрлэл эрхэлэх хуулийн заалт бас байхгүй. Иргэдтэйгээ тохиролцож чадахгүй бол би бүү хэл хурлын /НИТХ/ шийдвэр ч гаргаад хэрэг байхгүй” гээд ууртайгаар утсаа таслав. Дараа нь тэрээр цэвэрлэх байгууламжийнхнаас шинэ байгууламж барих мөнгөө хэрхэн босгох гэж байгааг сонирхов. Япон, БНСУ гээд хөрөнгө оруулах, урт хугацааны зээл олгох сонирхолтой газрууд байгаа гэсэн хариулт сонсов. Хаа газар сонсдог хариулт тул тэрээр “Та нар 380 тэрбум төгрөг гээд гадна, дотныхоныг айлгаад байна. Байдал ийм ноцтой болчихоод байхад яаравчлахгүй бол болохгүй. Сэтгүүлчид байдал ноцтой байгааг нийслэлчүүдэд илэн далангүй хэлэх хэрэгтэй. Олон жил мөнгө, төсөв яриад суугаад байвал хэрэгжихгүй. 380 тэрбум төгрөг чинь бөөндөө их сонсогдоод байгаа юм. Үнэн дарга өнөө, маргаашгүй хөтөлбөр боловсруулаад НИТХ-д оруулаад ир. Хөтөлбөрөө батлаад төлбөр, тооцоог жил бүрийн төсөвт суулгаад явчихвал энэ чинь аймаар тоо биш. Нийслэл жилд 38 тэрбум төгрөг бохирын асуудлыг шийдэхэд хөнгөхөн гаргачихна. Хурлаар баталчихвал гадгыхан ч санаа зовох юмгүй мөнгө өгнө. Төлбөр нь найдвартай болчихно. Бид татвар төлөгчдөөс үнэн хэрэгтэй давхар татвар аваад байгаа юм. Албан татвар гэж хуулиар аваад, хэрэглээний үнэ гэж өсгөж аваад байна. Зарим юмыг зааглах хэрэгтэй. Цэвэр усны хангамж, бохирын цэвэрлэх байгууламж гэдэг утгаар онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хоёрыгоо тавиад туучихвал юун бусад асуудал, хэдэн зуун сая доллар гаргах хэрэгтэй болно. Зардлын менежмент, ашиглалтын менежмент гээд олон аргуудыг яваандаа хэрэглээд ирэхээр иргэддээ ч дарамтгүй төлбөр хийгээд байх боломж гарна. Та нар цаг алдалгүй хөтөлбөрөө хуралд оруул. Бид тэр арьс ширний үйлдвэрүүдийн асуудлыг шийднэ. Ийм аймшгийн хэмжээнд байж болохгүй” гэснээр Засаг дарга Э.Бат-үүл дараагийн ажилдаа яаран одов.
 Х.Баттөгс