MCS COCA-COLA үйлдвэрээс гарсан усыг ногоон байгууламжийг услахад ашиглана

2013-05-16 00:00:00
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бохирдуулагч эх үүсвэрүүдийг ялангуяа технологийн чиглэлээр бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдэд өнгөрөгч 2-р сарын 15-наас 3-р сарын 15-ны хооронд шалгалт хийсэн. Уг шалгалтаар Кока- кола үйлдвэрээс бусад үйлдвэр нь өөр дээрээ цэвэрлэх байгууламжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдвэрлэсэн “Кока-кола” үйлдвэрийн ажилтай нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүс танилцлаа. Тус үйлдвэр нь нийгмийн өмнө хүлээх үүргийнхээ дагуу 2009 онд ашиглалтад орохдоо 1,9 сая ам.доллараар уг цэвэрлэх байгууламжийг байгуулсан байна. Энэ байгууламж өдөрт 800-1000 тн усыг байгальд шууд асгаж болох түвшинд цэвэршүүлдэг ч цэвэрлэсэн усаа шууд нэгдсэн бохирын шугам руу шахдаг байна. Харин хот тохижилтынхон нийслэлийн мод бутыг гүний цэвэр усаар усладаг  тул энэ байдлыг халж, цэвэр усаа хэмнэх зорилгоор тус үйлдвэрээс цэвэрлэгдээд гарсан саарал усаар ногоон байгууламжаа усалж байх тал дээр хамтран ажиллах санал тавьжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.