Газар чөлөөлөхгүйгээр хотыг хөгжүүлнэ гэж байхгүй

2013-05-15 00:00:00

Газраа чөлөөлөх нь хотын хөгжил хэмээн төсөөлөгдөж байна. Улаанбаатарыг хот шиг хот болгоход ганцхан л асуудал бий. Тэр нь газар чөлөөлөх. Жинхэнэ гацаа гэдэг энэ л байх. Хэдэн жилийн өмнө гуравдугаар сургуулиас 32-ын тойрог хүртэлх замыг тавих үеэр ганц айл газраа чөлөөлөхгүй гүрийж хотын замыг хоёр жил шахам хугацаагаар саатуулж байсан явдал бий. Орон сууцны долдугаар хороолол домог болтлоо яригдаж байна. Энэ байтугай хэдэн хороолол барьж байгуулах хугацаа өнгөрсөн. Гэтэл газар чөлөөлөх асуудал дээр очоод гацчихдаг. Аргадах, аашлахын хооронд газар эзэмшигчдийн аманд нь багтан байж арайхийж 500 гаруй айлын газрыг чөлөөлсөн гэх мэдээлэл байдаг.

   Ингэхдээ өнгөрсөн жилүүдэд нэг ам.метр газрыг 100 мянган төгрөгөөр үнэлж, 40-50 сая төгрөгөөр худалдан авсан гэх юм билээ. Радио телевиз орчмын шинэ хорооллын бүтээн байгуулалт гэж бас нэг сайхан амны уншлага бий. Газар нь гарт орж ирээгүй болохоор ярихаас яаж хэтрэх билээ. Газар чөлөөлөх гэж нэг хэсэг нь аргадаж гуйдаг, нөгөө хэсэг нь амандаа багтахгүй үнэ хэлж гэдийж суудаг ийм л дүр  төлөв хоногшиж тогтоод байна. Эзэн нь юмаа мэддэг нь үнэн хэдий ч нийтийн эрх ашгийн төлөө тугалыг нь тураахгүй асуудлаа зохицуулах хүсэл эрмэлзэл бас байх учиртай.

    Улаанбаатарыг утаагүй, бохирдолгүй хот болгох ганц гарц нь гарцаа байхгүй гэр хорооллыг орон сууцжуулах явдал.  Мянган сайн зуух нийлүүлж, тог цахилгааны үнийг нь хөнгөллөө гээд гэр хорооллын утаа буурахгүй. Тэрбумаар хөрөнгө зарж жорлон муу усны цооногийг нь ариутгалаа гээд хөрсний бохирдлыг нь  арилгана гэж байхгүй. Угаадас, үнсээ гудамжинд асгасан хэвээр л байх болно. Амьдралаар нотлогдож буй үнэн гэвэл энэ л байх. Энэ жил хотын хэд хэдэн бүсэд дахин төлөвлөлт хийхээр зорьж буй. Түүнчлэн Долоон буудал, Баянхошуу орчмыг бие даасан дэд төв болгох хэтийн төлөв бий. Эдгээрээс Чингэлтэй дүүргийн есдүгэээр хороо буюу Дэнжийн мянга орчимд дахин төлөвлөлтийн ажил хэрхэн явж байгааг сонирхлоо.

   ...Найман нэрийн барааны улаан тоосгон байшингийн үүдэнд томоос том сонордуулга маягийн бичиг наасан байна. Харвал мөнөөх дахин төлөвлөлттэй яах аргагүй холбоотой мэдээлэл байна.  “Хашааны газрыг  хотын А зэрэглэлийн бүс гэж тооцож нэг ам метрийг нь 214 мянган төгрөгөөр үнэлнэ. Харин орон сууцны нэг ам метрийн үнийг эзэмшигч, ашиглагч нарын хувьд 1.0 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй ” хэмээн дурджээ. Түүнчлэн Дэнжийн мянгын цагаан байрны нэг өрөөг 40 ам метр байр, хоёр өрөөг 65 ам метр талбай бүхий хоёр өрөө байраар сольж, машины дулаан зогсоолыг хөнгөлттэй үнээр олгоно гэжээ.  Тун боломжийн санал шиг санагдсан. Харин оршин суугчдын хувьд нэг их ач холбогдол өгч байгаа янз алга. Жар эргэм насны эрээс саналыг нь асуулаа. “За даа авахдаа юу ч гэж амалж болно. Харин газраа гартаа оруулаад авсан хойноо ааш нь өөрчлөгдөөд барьсан байрных нь үнэ өсөөд явчихдаг гэсэн болгооомжлол их байгаа” гэж байна.  Энэ хорооны иргэн гэж өөрийгөө тодотгосон эмэгтэй “манай энэ хавийнхан байраар солино гээд л байна. Миний хувьд бол хашааныхаа газрыг өгөх бодолгүй байгаа. Хөршүүдтэйгээ нийлж газраа авч үлдээд хаус баръя гэсэн  чинь санаа оноо зөрөөд байна” гэв. Тэндээс холгүй шинээр хоёр давхар тоосгон барилга баригдаж байна. Газар чөлөөлөх гэж байхад барилга барьж байгааг гайхлаа. Эзэн нь байсангүй, харин газар нь цөмөрчихгүй бол би эндээс нүүхгүй гэж ярьж яваа сураг гаргав.

   Энэ орчимд дахин төлөвлөлт хийхээр  “Өндөр буянт”, “Гранд лайн” гээд хоёр компани шалгарчээ. “Өндөр буянт”-ынхан иргэдтэй нэлээд шаргуу уулзаж учирч байгаа гэнэ. Оршин суугчдын одоо эзэмшиж байгаа газар, байшин барилга, эрхэлдэг үйл ажиллагаа гэхчлэн нарийвчилсан судалгаа авч байгаа аж. Гранд лайн компанийхан оршин суугчидтай нэг уулзаж, төслөө танилцуулж, бүр хонжворт сугалаа хүртэл явуулсан гэнэ. Өнгөрсөн сард багтаж иргэдтэй байгуулах гэрээний төсөл тараана гэж байсан ч энэ ажил одоо хэр хийгдээгүй байгаа тухай иргэд гомдоллож байв. Энэ гэрээгээр газар чөлөөлөх нөхцөл болзол тодорхой болох байх гэцгээж байна билээ.

   Байдал нэг иймэрхүү. Дахин төлөвлөлтийн ажил саатаж байгаа шалтгаан нь иргэдийн дэмжлэг хомс байгаагийнх юм. Газар чөлөөлөх асуудлыг ашигтай наймаа болгож эргүүлэх хүсэл олонхид нь бий.   Гэр хороолол бол үндсэндээ гээгдсэн орчин. Зам харилцаа, гэрэлтүүлэг, шинэ цагийн шилэн кабелиас эхлээд тойрч өнгөрөөд байдаг. XXI зууны нийслэл хотын цахилгаангүй оршин суугчид  Улаанбаатарт л бий. Золбин нохой, хур хог энд л нутагших дуртай. Хотын хөдөөд орчин цагийн хот байгуулалт ирэх цаг хугацаа хэтрээд байгаа нь үнэн. Хүсэхэд хясч байгаа тээг нь газар чөлөөлөх асуудал. Үүнийг авч өгч байгаа аль алийнх нь эрх  ашгийг тэнцүүлсэн дүрэм журмаар зохицуулдаг болмоор байгаа юм. Тэгэхгүй бол авах нь бөхийж, өгөх нь гэдийсээр цаг хугацаа өнгөрч, нийтийн эрх ашиг гээгдэн хоцорсоор байна. Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийн сураг гараад алдарлаа. Хотоо хөгжүүлье, бүтээн байгуулалтаа эрчимжүүлье гэвэл ийм хууль зайлшгүй хэрэгтэй болно. Эх орны хийгээд нийтийн эрх ашгийн төлөө төр хааяа төмөр нүүрээ харуулж байхад буруу нь юу байхав.