Баянхошуу, Долоон буудлыг 10 жилийн хугацаанд дэд төв болгон хөгжүүлнэ

2013-05-11 00:00:00
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 10-нд болж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах тухай, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих Азийн хөгжлийн банкны төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн, хөгжүүлж дэд төв болгох төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн юм. 2013-2023 он хүртэл 10 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэхүү төсөл хөтөлбөр нь хоёр үе шатаар хэрэгжинэ гэж тооцсон байна. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас зээлийн хэмжээг 150-200 сая ам доллар байхаар тодорхойлоод байгаа юм. Эхний үе шат нь 50 сая ам доллар байх бөгөөд Хотын санхүүжилтын Түншлэл тусламжийн хүрээнд хотын хүрээлэн буй орчны дэд бүтцийн сангаас 3.7 сая ам доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг үзүүлэх юм. Энэ санхүүжилтээр гэр хорооллын цэвэр, бохир усны инженерийн дэд бүтцийн  өргөтгөлийн ажил хийхээр төлөвлөжээ.

Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Бхарат Дахияагийн танилцуулж байгаагаар Баянхошуу, Сэлбэ орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд урдчилсан тооцоогоор 130 сая ам долларын зардалтай байх юм байна.  Улаанбаатар хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал орчим болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгон хөгжүүлж, эдгээр дэд төвүүдийн хувьд 200 мянган оршин суугчдад хотын дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах зорилт тавьж байгаа юм байна. Сонгон авсан эдгээр хэсэгт газар шинэчлэн зохион байгуулах ажлыг бодитоор эхлүүлж, амьдралын стандартыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хийх юм.

Тухайлбал гол зам дагуу инженерийн шугам сүлжээг өргөтгөн хүргэх, оршин суугчдын хэрэгцээнд тугуурласан нийгэм, эдийн засгийн үйлчилгээ болон дэд төвд зайлшгүй байх ёстой хотын үйлчилгээг нэмэгдүүлэхээр урьдчилан төлөвлөөд байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Хэрвээ НИТХ 5 дугаар сард болох ээлжит хуралдаанаараа энэхүү асуудлыг хэлэлцэн дэмжвэл Засгийн Газар, УИХ хуралдаж  санхүүжилтын гэрээг баталгаажуулах юм.

Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулна
 
Хотын үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгох, хотын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, хотын өдөр тутмын амьдралын олон талт харилцааг зохицуулах зорилгоор Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах төслийг өнгөрсөн сард эхлүүлсэн юм. Энэхүү дүрмийн төслийн тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Хотын хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж, эдийн засаг өсч, нийгмийн амьдрал үйл ажиллагаа идвэхжихийн хэрээр хүн амын хэт төвлөрөөс үүдэн байгаль орчны доройтол, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, дуу чимээ, замын хөдөлгөөний түгжрэл гэх мэт шийдвэрлэх ёстой олон асуудал бий болсоор байгаа юм.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд зам талбай, эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлыг эхлүүлэх нь зайлшгүй чухал болоод байгаа юм. Гэхдээ энэ бүхнийг нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцүүлэн, эрүүл аюулгүй орчин, оршин суух нөхцлийг бүрдүүлэх гэх мэтээр үр дүнтэйгээр шийдвэрлэхийн тулд бие даасан хотын статус, нутгийн өөрөө удирдах засаглалыг бэхжүүлэх, хотын удирдлага түүний бүтцийн байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгон уялдуулах, хотын удирдлагад хуулиар олгогдсон эрх зүйн болон эдийн засаг, санхүүгийн бүрэн эрхийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа юм.  Тиймээс Улаанбаатар хот нь өөрийн бүрэн эрхийн эрх хэмжээг тогтоож өгсөн үндсэн дүрэм боловсруулж батлан гаргах шаардлага байгааг төслийн ажлын хэсгээс хэллээ.
Гэхдээ энэхүү дүрмийг боловсруулахад олон улсын хотуудын туршлага, нийтлэг дүрмийг нарийвчлан судалсан байна.  Хотын дүрмийг хамгийн багадаа 2,4 жил боловсруулах шаардлага байдаг гэдгийг ч тус ажлын хэсгийхэн онцлон хэлсэн юм.

Удирдлагын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотын багц дүрмийн урьдчилсан танилцуулга болон төлөвлөгөөтэй танилцаад, хотын дүрэм бол аж ахуйн дүрэм байх ёстой. Анх 1990 онд АНУ-д анх удаа хотын дүрмийг боловсруулж томъёолохдоо “Хот гэдэг бол үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, эзэмшсэн хүмүүсийн хамтын нийгэмлэг гэж тодорхойлсон байдаг. Манай улсад хотын дарга нь нийслэлийнхээ Засаг даргаар ажилладаг учраас ийм багц дүрэмтэй болж хотын үйлчилгээгээ сайжруулах нь чухал гэсэн юм.
Ингээд удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах төслийн 2013 оны төлөвлөгөөг батлах тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар тогтлоо.
 
Боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулна
 
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

2013 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын ойрын хугацааны зорилт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг үндэслэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох төслийг боловсруулж энэхүү төслийг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан тушаал, захирамжаар баталсан юм. Тус тушаал захирамжийн хүрээнд нийслэлийн гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол болох тоосонцорын хэмжээг багасгах, түүхий нүүрсний галлагаанаас үүдэлтэй хүхэрт ислүүдийг багасгах зорилт тавьжээ. Агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсэд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх зэрэг 7  дүүргийн нийт 99 хороог хамруулж тухайн бүсийг 3 дэд бүстэйгээр шинэчлэн тогтоож эрчим хүчний хэмнэлттэй зуухаар бүрэн хангахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гарсан шийдвэрийн дагуу түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн айл өрхөд үртсэн шахмал түлшний 1 тонн тутамд 70 мянган төгрөг, хагас коксон шахмал түлшний 1 тонн тутамд 60 мянган төгрөг, бүхэллэг хагас коксон түлшний 1 тонн тутамд 70 мянган төгрөгний татаасыг Засгийн газрын тусгай сан Цэвэр агаар сангаас олгож тухайн бүсийн айл өрхүүдэд боловсруулсан түлш хямдралтай үнээр очиж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн агаарын чанарын албанаас 9 аж ахуйн нэгжтэй боловсруулан түлшний нөөц бүрдүүлэх гэрээ байгуулан ажиллаж гэрээний биелэлт 42,3 хувьтай байгаа юм байна.

Мөн 2011-2013 онуудад Баянгол дүүргийн гэр хорооллын 9 хороо буюу Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсэд боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан боловч боловсруулсан түлшний нийлүүлэт хангалтгүй байжээ. Тиймээс тус дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нийслэлийн агаарын чанарыг сайжруулах талаар хийсэн ажлынхаа тухай товч мэдээлэл өгөөд, цаашид хийж хэрэгжүүлэх ажил олон байгаа ч эхний ээлжинд боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулахад илүү анхаарах хэрэгтэй байгааг онцолсон юм. Агаарын бохирдлыг бууруулах энгийн бөгөөд хямд арга нь түүхий нүүрсийг боловсруулан хагас коксон түлш үйлдвэрлэх явдал гэнэ. Тиймээс дэлхийн олон орнууд хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг тогтвортой бууруулсан туршлага байдаг байна.

Нийслэлийн хувьд агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулагч бусад хаягдал зүйлс шатаахыг хориглосон байдаг. Гэвч сүүлийн хоёр жилийн халаалтын улиралд боловруулсан түлшний үйлдвэрлэлүүдийн нэг жилийн түлшний дундаж нийлүүлэт нь 8000 орчим тонн байгаа юм байна. Боловсруулсан түлшийг нэг айлд 3 тонн түлш хэрэглүүлнэ гэж тооцоход 2700 орчим өрхийг хангах юм. Энэ нь Баянгол дүүргийн 9 хорооны айл өрхөд нийлүүлэх шаардлагатай түлшний 20 гаруй хувийг л эзэлж байгаа юм.

Иймд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, боловсруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг яаралтай зохион байгуулах шаардлагтай болжээ. Тухайлбал ДЦС-2-ыг түшиглэн баригдаж буй жилд 210 мянган тонн хагас коксон шахмал түлшний үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах, гэр хорооллын айл өрхүүдийн хэрэгцээнд зориулж жилдээ 200-250 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг шинээр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зэрэг ажлыг хийх нь чухал байгааг хэллээ. Энэ асуудалтай холбоотойгоор боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.