Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт зохион байгууллаа

2019-02-04 16:47:57

Нийслэлийн Тээврийн газартай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээтэй ажилладаг 19 аж ахуйн нэгж, байгууллагад сар шинийн баярыг тохиолдуулан тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, өнгө үзэмжийг сайжруулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгч,88 чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажилласан 826 /давхардсан тоогоор/ тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал нь стандартын шаардлагыг хэрхэн хангагдаж буйд шугам замд 2 үе шаттайгаар үзлэг, шалгалт хийж нийт 291 зөрчил илрүүлсэн.

Эхний үзлэг шалгалтыг тус газрын Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэж, 19 аж ахуйн нэгж, байгууллагын 51 чиглэлийн 514 тээврийн хэрэгслийгшалгаж, нийт 186 зөрчил илрүүлсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилан үзвэл:

  1. Чиглэлийн хаяг: Нийт 5 зөрчил, Үүнээс:хажуухаяг – 1, хойд хаяг - 4
  2. Тээврийн хэрэгслийн гаднацэвэрлэгээ муу - 108
  3. Дотор цэвэрлэгээ муу - 60
  4. Өнгө үзэмж муу - 7
  5. Суудлын бүрээс дутуу - 3
  6. Суудлын бүрээс угаагаагүй– 3 тус тус байсан.

Зөрчлийн тухай хуулийн дагуу 1 аж ахуйн нэгжид 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн арга хэмжээ тооцож, 1 аж ахуйн нэгжид Автотээврийн хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, бусад  аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулан үйлчилгээнд ажиллах талаар үүрэг даалгавар өгч ажилласан.

Эхний үзлэг шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний эцсийн томоохон зогсоолууд дээр Нийслэлийн Тээврийн газрын удирдлагууд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хоёр дахь үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн шалгалтаар 18 аж ахуйн нэгж байгууллагын 312 тээврийн хэрэгслийг шалгаж, нийт 105 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган, цаашид нийтийн тээврийн салбарт мөрдөгдөж буй дүрэм, журам, стандартуудын шаардлагыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Иргэд та бүхэнд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, үйлчилгээний талаар мэдээлэл авах бол Нийслэлийн Тээврийн газрын 7004-4040 утсаар холбогдоно уу гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.