“Хайрыг татсан” захирамжийн эзэн

2013-05-03 00:00:00
Хотын дарга өнгөрсөн намар нэн сонирхолтой захирамж гаргаж билээ. Тэр нь сэтгүүлч бидний ажилд ихээхэн дэм өгсөн, олон нийтийн “хайрыг татсан” шийдвэр байв. Тийм болохоор л Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид Э.Бат-Үүлд сэтгэлээ илчилж Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медалиар энгэрийг нь мялаасан юм. Учир мэдэхгүй зарим жиргээч Үүл баатраас ойн медалийг харамлаж бухимдаж харагдсан.  Болдогсон бол яам, агентлагийн дарга нарт “хайр татсан” захирамжийг хуулбарлаж хэрэглүүлэх юмсан.
Төрийн ажил нийтэд ил тод нээлттэй болоосой. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хүлээн авах эрх тэгш байгаасай хэмээн хүн бүр л хүсэмжилдэг. Үүл баатар чухамдаа энэ хүслийг биелүүлсэн. Нутгийн захиргааны байгууллагаас боловсруулж буй баримт бичиг, шийдвэрийн төслийг хэлэлцэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө цахим хуудас, мэдээллийн самбарт байрлуулж олон нийтийн саналыг авч төсөлд тусгаарай гэж өнөөх захирамжид заажээ. Аливаа шийдвэрийг гарснаас гурав хоногийн дотор байгууллагын цахим хуудсанд мэдээлээрэй гэж тэрээр бидний талд орсон.  
   Улсын  болон орон нутгийн төсвийн  хөрөнгө, гадаадын зээл, тусламж, хандиваар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг олон нийтэд ил зарла хэмээн хотын дарга зарлигдсан.
 Дарга нарын хамаатан, садныг ажилд авсан гэх хардлага дагуулахгүйн тулд хүний нөөцийн бодлогыг ил болгож  ажлын байрны сул орон тоог нийтэд зарлахыг тэр бас хүссэн. Яг бидний хүсдэгтэй ижил.
Улсын мөнгийг ууж идэлгүй хэрхэн ажил хэрэг болгож буйгаа нийтэд нэг бүрчлэн зарлахыг Э.Бат-Үүл даалгаснаар хэн гэж дарга ямар байгууллагын мөнгөөр хаана очиж, ямар сургалтад сууж, хувь хувьсгалын ажил амжуулсан эсэх мэдээллийг түмэн олонд шууд хүргэдэг болов. Тэр орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай. Твиттер, фейсбүк хуудсыг хөгжүүл хэмээн нийгэмд хүчтэй нөлөөлөх мэдээллийн сүлжээнд анхаарч үеийнхнээсээ илүү мэдрэмжтэйгээ харуулсан.
 Төсвийн байгууллагын санхүүгийн аудитыг сонирхдоггүй хэвлэл гэж үгүй. Байгууллагууд шилэн түрийвчтэй байж татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж буйгаа тайлагнаж байвал сэтгүүлчдийн овоо, хараанд өртөхгүй гэдгийг тэр мэддэг, хэвлэлийн чөлөөт байдлыг хүсэмжлэгч ээлттэй байдлыг бүрдүүлэгчдийн нэг болов.
Ил тод мэдээллийн өмнө үг сөрөх үйлийг хэн ч гаргадаггүй. Тэр тусмаа ардчилсан орнуудын төр засгийн хэв шинжийн нэг нь аливаа мэдээллийг ил тод болгож, “нууц” ажил, далд шийдвэрийг хэнбугай ч хэзээ ч гаргадаггүй онцлогтой. Тиймээс л хотын дарга хэвлэлийнхэнд “хандарч” байгаагийн цаана олон нийтийн, тэр дундаа Улаанбаат хотын иргэний эрх ашиг гэж сүрхий зүйл бий.
                                                                                                                                                          Д.ОЮУН