Л.Эрдэнэчулуун: Улаанбаатарт гахайн мах нийлүүлж буй цэгүүдээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь мялзан өвчин илэрсэн

2019-01-15 12:08:40

Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа. Тэрбээр,

"Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн.

Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд бий. Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна. Халдваргүйжүүлэлтийг хийнэ. Мөн импортыг тодорхой хугацаагаар зогсоох нь зүйтэй.

Түүнчлэн орж ирсэн бүтээгдэхүүн дээр нийтийн хоолны болон худалдааны байгууллагынхан хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна.

Эхний ээлжид импортлогч 10 ААН-д түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг лацдсан. Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тоннын нөөц, гар дээр тараагдсан 1,000 гаруй тоннын нөөц байна.

Дээжийн хариу эерэг гарсан учраас Мал эмнэлгийн ерөнхий газраас устгал хийнэ. Үүнд манай байгууллага хяналт тавина. Мал эмнэлгийн ерөнхий газрынхны хэлж буйгаар хүн өөрөө энэ өвчний тээгч учраас амьд мал дээр халдварлуулах эрсдэлтэй" гэв.