Троллейбус дөрвөн өдөр үнэгүй үйлчилнэ

2013-04-22 00:00:00
Улаанбаатарт анх удаа гадаадын 100 гаруй зочдыг авчирч буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал энэ долоо хоногт дэлхийн чихийг Монгол руу дэлдийлгэх нь гарцаагүй. Тиймээс ч энэхүү бага хурлыг угтан нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулах шийдвэр гарсан. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлд зорчиж буй автомашинууд дугаарын хязгаарлалтад орно. Таны машины уулсын дугаарын сүүлийн орон нь тэгш бол 26, 28-ны өдөр, сүүлийн орон нь сондгой бол 27, 29-ний өдрүүдэд өглөөний 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Түүнчлэн бага хурал болж буй дөрвөн өдөр Цахилгаан тээвэр компанийн троллейбусны одоо явж байгаа чиглэлийг өөрчлөлгүй үнэ төлбөргүй явуулах шийдвэрийг гаргажээ. Зорчих маршрут нь троллейбусны чиглэлтэй давхцаж буй иргэдийн хувьд унаа машинаа тавьж, үнэ төлбөргүй зорчих боломжтойг дуулгая.

 
Д.ЦЭЭНЭ