Гурван талт уулзалт зохион байгууллаа

2018-11-02 17:50:33

“Улаанбаатар, Улаанцав, Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа-2018” сэдэвт арга хэмжээг өнгөрсөн өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар, Улаанцав, Улаан-Үд хотын удирдлагууд гурван талт уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол, Хятадын худалдааг дэмжих холбооноос санаачлан зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож буй хотын удирдлагууд болон эрхэм зочид та бүхэнд талархсанаа илэрхийлье. БНХАУ, ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Монгол-Оросын стратегийн түншлэл, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөрш орнуудын хотуудтай бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал юм.

Өнөөдрийн гурван талт уулзалт бол цаашид талуудын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээс гадна ОХУ, БНХАУ, Монгол Улсын эдийн засаг чухал нөлөө үзүүлэх ажил боллоо гэдгийг хэлмээр байна.

Гурван “Улаан” хотын хамтын ажиллагаа улам өргөжин батжих болтугай хэмээн ерөөл өргөе” хэмээв.

Улаан-Үд хотын дарга А.М.Голков “Улаан-Үд хотын төлөөлөгчдийн өмнөөс та бүхний амрыг эрье. Эдийн засгийн форум амжилттай боллоо. Урт удаан хугацааны хамтын ажиллагааны түүхтэй Улаанбаатар хотын нөхдүүдтэй дахин уулзаж хамтын ажиллагааны асуудлуудаа ярилцлаа. Мөн Улаанцав хотын төлөөллүүдтэй уулзаж хамтын ажиллагааны талаар хэлэлцсэндээ баяртай байна. Ийнхүү уулзсанаар хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тээвэр, ложистикийн чиглэлээр болон Шар тэнгисийн дагуу оршиж буй боломжуудыг үр ашигтай ашиглах, дараа дараачийн алхамууд, ололт амжилтын эхлэл ийнхүү тавигдлаа. Түүхэнд бичигдэх эхлэлүүд болно гэж найдаж байна” гэв.

Улаанцав хотын орлогч дарга Ван Синуй “Гурван улаан хотын уулзалт, хамтын ажиллагаа нь эдийн засгийн хувьд хамгийн чухал чиг болно. Өнгөрсөн зургаадугаар сард Улаанцавд эдийн засгийн форумыг амжилттай хийсэн. Гурван “Улаан” коридор хэмээн нэрлэж байгаа юм. Энэ сард Улаанбаатар хотод мөн амжилттай зохион байгууллаа. Бид хамтдаа маш олон зүйлийг хийхийн төлөө хичээж ажиллах болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.