Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойд зориулсан хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

2018-10-28 16:43:37

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах гала тоглолт боллоо. Уг наадмыг 1993 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд өдгөө 26 дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Гала тоглолтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,  нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад нар оролцлоо.

Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдаант наадмыг Урлагийн ажилтны холбооны санал болгосноор 2005 оноос МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Найрал дуу бол хүүхдүүдийг багаар ажиллах, хамтран ажиллах дадалд сурган хүүхдийг тэсвэр тэвчээртэй, үүрэг хариуцлагатай болгох, урлагийн болон гоо зүйн төлөвшил олгох зэрэг олон сайхан үр дүн авчирдаг урлагийн төрөл юм. Монголын хүүхдүүдийн дуу хоолой дэлхийн тавцанд эгшиглэн цуурайтах цаг ойрхон байгаад итгэлтэй байна. Цаашид нийслэлийн төр захиргааны зүгээс хүүхдийн найрал дууны урлагийг улам бүр дэмжин хөгжүүлэх болно” гэлээ.

Гала тоглолтын үеэр хүүхдийн найрал дууны уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа. Уралдааны тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан бол, 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 3 дугаар байрт шалгарлаа. Тусгай байрт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, Налайх дүүргийн 119, Эрдмийн оргил сургуулийн найрал дууны хамтлагууд шалгарч шагналаа гардан авлаа. Мөн уралдааны шилдэг найралжуулагч багш Сүхбаатар дүүргийн 2 дугаар  сургуулийн хөгжмийн багш н.Галхүү, Шилдэг удирдаач багш Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш н.Гандолгор нар шалгарчээ.  Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарлаа.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа хүүхдийн найрал дууны тэмцээнд Ерөнхий боловсролын 70 сургуулийн 8 мянга орчим сурагчид оролцжээ. Үүнээс гала тоглолтод 1400 гаруй сурагчид оролцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.