Хонхтой цэцэрлэгийн тохижилт эхэллээ

2013-04-03 00:00:00
Улаанбаатар банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг буюу Энхтайвны хонхтой цэцэрлэг өнгө нэмэх гэж байна. Энхтайвны хонхтой цэцэрлэгийн шинэчлэлт тохижилтын ажлыг “Платнинум” ХХК болон “Эрчим оюу” ХХК-иуд гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, гудамж, зам талбайг тохижуулах ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тодорхой байршилд орчны тохижилтын ажил хийж гүйцэтгэхээр гаргасан саналыг хүлээн авч, судлан, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгавар өгч, хяналт тавьж ажиллахыг хотын Захирагч холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Энэ дагуу эхний тохижилтын ажлыг Улаанбаатар банкны санхүүжилтээр хийж эхлээд байна. Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийн тохижилтын ажил төлөвлөсөн хугацаагаар бол 2013 оны 4 дүгээр сарын 20-нд дуусна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.