Сурталчилгааны самбарыг буулгах ажилд мэргэжлийн хяналтаас хяналт тавина

2013-03-28 00:00:00
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-нд болсон  ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Энэхүү журам батлагдсанаар Улаанбаатар хот олон улсын стандартад нийцсэн зар сурталчилгааны байгууламжтай болохоос гадна Нийслэл хотын хориглосон газрууд болон замын тусгаарлах зурваст  байршуулсан зар сурталчилгааны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй самбаруудыг 2013 оны 3 дугаар сарын 1-ээс цэгцлэх ажил эхэлсэн. Журмын дагуу сурталчилгааны самбарыг буулгах ажлыг дүүргүүдийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс хариуцах бөгөөд тухайн самбарыг эзэмшигч аж ахуйн нэгжүүд өөрсдөө сурталчилгааны самбараа буулгах ажлыг гүйцэтгэх юм. Харамсалтай нь 3 сарын 23-ны орой Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт “Хас” банкны мэдлийн сурталчилгааны самбарыг буулгахаар захиалга аван ажиллаж байсан  “Их харанга”  компанийн ажилтан  25 настай Н амиа алдсан хэрэг гарлаа. Их харанга компанийн ажилтан Н нь ажлаа гүйцэтгэж дуусаад кранаа буулгах явцад краны тросс тасарч дээрээс нь унасан тухай Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлсэн. Тиймээс  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захиалагч компани болон гүйцэтгэгч компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах үүргийг өгч, хэрэгжилтэнд Мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Сурталчилгааны самбарыг цэгцэлсний дараа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан төлөвлөлтийн дагуу зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд сурталчилгааны байгууламж байруулах байршлыг тогтоож өгөх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.