Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр              дугаар А/268                   Улаанбаатар хот
     
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Иргэн Д.Идэшид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баруун урд талд үйлчилгээний зориулалтаар 180 м2 газрыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчин хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 362 дугаар захирамжийн иргэн Д.Идэшид, хууль зөрчиж олгосон газрын эрхийн хугацааг сунгаж, баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн  234 дүгээр захирамжийн иргэн Д.Идэшид холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
           
2. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
           
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ