Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                        дугаар А/265                                                 Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. Иргэн Н.Мөнхзоригт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар  хороо, Сонсголон бармат ХХК-ний баруун талд  аж ахуйн зориулалтаар 1000 м2 газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр,  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн  байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 08–ны өдрийн 101 дүгээр захирамжийн иргэн Н.Мөнхзоригт, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг иргэн Э.Амарсайханд шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 03–ны өдрийн 394 дүгээр захирамжийн иргэн Э.Амарсайханд холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
2. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
           
 
 
           
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ