Шөнийн “Гэрэлт гудамж” энэ зуны нээлтээ хийлээ

2018-05-12 16:58:28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт 5 дугаар сарын 11-ны орой боллоо. Нээлтийн арга хэмжээнд DJ BTB, “UB Drum” бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөлөө.

Шөнийн “Гэрэлт гудамж”-ны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд оролцлоо. Нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Нийслэл хотод залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үгүйлэгдэж байсан. Тиймээс Гэрэлт гудамжийг бид нээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэрэлт гудамжийг улам илүү тохижуулж лед дэлгэц байрлуулах, утасгүй өндөр хурдны интернет цацах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн дахин хоёр байршилд шөнийн Гэрэлт гудамжийг байгуулахаар судалгааны ажил хийгдэж байна. Тухайлбал гутлын 22 гэгддэг гудамжийг авто машингүй шөнийн гудамж болгохоор, мөн Сэлбэ голын эрэг дагуу энэхүү гудамжийг байгуулахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн судалгаагаар өдөрт 10 мянган хүн Гэрэлт гудамжаар зорсон гэсэн тоо байна. Арга хэмжээ, урлагийн тоглолттой үед 70 хүртэл мянган хүн зорчсон байдаг. Нийтдээ 1 сая 24 мянга гаруй хүн энэ гудамжаар зорчсон байна. Үүнийг дагаад гудамжны худалдаа, хоолны соёл, залуучууд зөв болон биеэ авч явах зэрэг олон давуу талууд бий болж байна. Энд залуус ирээд тоглолт, үзүүлбэр хийхэд ямар нэг үнэ төлбөргүй. Гэрэлт гудамжны төсөл бол төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлсэн томоохон ажил юм” гэлээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх, хайрын цоож зүүх чимэглэлийн "LOVE" хөшөөг Гэрэлт гудамжинд байршуулсан байна.

Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм. Улаанбаатарын шөнийн гудамжны нээлтэд хүрэлцэн ирсэн залуус цагийг зөв боловсон өнгөрүүлэх ийм гудамжтай болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.