Газрын эзэд дахин төлөвлөлтөд гол хүн болно

2013-03-13 00:00:00
Ардчилсан нам  анх удаа орон нут­гийн сонгуулиар нийслэлд ялалт байгуулж Улаан­баатар хот “цэнхэр тойрог” болсон билээ. Тэд иргэ­дийн хашааны газрыг үнэд оруулж, гэр хорооллыг орон сууцжуулна хэмээн том амлалт өгсөн. Ам­лалтаа ажил хэ­рэг болгох цаг ирлээ. Нийс­лэлд гэр хорооллын дахин тө­лөвлөлтийг 12 байршилд хийхээр болсон.
Шинэ ажлын явцыг тодруу­лахаар  Нийслэлийн Ерөн­хий төлөвлөгөөний газ­рын Дахин төлөвлөл­тийн хэлт­сийн дарга М.Нямбаяр, Нийслэлийн Өмчийн харилцааны газ­рын дэд дарга М.Бат­сайхан, Хуулийн хэлт­сийн дарга Э.Ариунгэрэл, Кадастрын хэлтсийн дарга Б.Батчимэг, Кадаст­рын хэлтсийн мэргэжил­тэн Б.Цэнгэл, М.Сэр­гэлэн нарыг редакцийн уул­залтад урьж ярилц­лаа.
 
       СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАСАН

 
-Гэр хорооллыг дахин төлөвлөхийн тулд бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Дахин төлөвлөлтөд хамрагдсан хэсэгт нэг хашаанд 3-5 гэр бүл аж төрдөг тохиолдол цөөнгүй. Газрын гэрээ, гэрчилгээ хэний нэр дээр байх, нэг хашаанд олон жил аж төрсөн айлууд хаачихаа мэдэхгүй байна. Гэр хорооллын айлууд зээл авах гэхээр газрын гэрчилгээний шилжүүлгийг түр хугацаагаар хоригло­сон зэрэг асуудал тулгарч байна?

М.Нямбаяр :
-12 байршлыг дотор нь хоёр хувааж байгаа. 7, 14 дүгээр хороолол, Дэнжийн мянга, Гандан, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөхөөр тусгасан. Энэ хэсгийг дэд бүтэцтэй болгож барилгажуулна. Загвар төслөөр Улаанбаатар хотоос алслагдсан долоон хэсэг гэр хороололд инженерийн байгууламж барьж, галын, түргэний тэрэг орох замтай, сургууль, цэцэрлэг хороо, өрхийн эмнэлгийн байр барих талбайг шинээр гаргаж ирэх юм. Төсөл сонгон шалгаруулах журмыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл баталсан. Энэ журмын дагуу гэр хорооллыг барилгажуулах ажил тодорхой болох юм. Сонгон шалгаруулалтыг ч зарласан байгаа.

 ТӨР ХҮССЭН ҮНЭЭРЭЭ ГАЗРЫГ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ
 
-НИТХ дээр МАН-ын бүлгээс “АН иргэдэд газрыг хүссэн үнээр нь худалдах бололцоог олгоно гэж саналыг нь авсан. Тиймээс иргэдийн газрын үнэлгээг төр хүчээр зохицуулахыг эсэргүүцнэ” хэмээн сануулж байсан. Иргэд хүссэн үнээрээ газраа худалдсаар байдаг. Гэтэл төр өөрийн үнээр худалдаж авна гэсэн яриа таржээ?

М.Нямбаяр:

-Төр өөрийн хүссэн үнээр айлуудын хашааны газрыг худалдаж авахгүй. Тухайн хэсэгт зах зээлийн зарчмаар газрын үнэлгээ тогтсон байгаа. Зам тавих, барилга босгох, шугам сүлжээ оруулах хэсгийн газрыг чөлөөлөлгүй 1-2 нөхөр хамгийн сүүлд тунаж үлдээд  зах зээлийн дундаж үнийг эвдээд замбараагүй өндөр үнэ нэхээд байвал хэцүү. Зах зээлийн дундаж үнээс газрын үнэлгээг илүү гаргахгүй гэж журамлаж байгааг зөвөөр ойлгоорой.
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох 5-6 компанийн ажилтнуудыг тухайн хэсэгт ажиллуулж  иргэдийн газрын үнийг судлуулна. Тухайн иргэн тэр компаниудын алинтай нь зохицож ажиллахаа өөрсдөө шийднэ. Манайх ийм хүчин чадалтай, таны газарт ийм барилга, байгууламж барина гэх мэтээр өөрсдийн ажлаа танилцуулж байж шалгуурт нийцнэ. Иргэд тэндээс өөрсдийн хэсэгт ажиллах гүйцэтгэгч компаниа сонгох юм. Тэд газрын эзэд учраас тэр. Ингэж иргэд өөрсдөө дахин төлөвлөлтөд саналаа өгч гэр хорооллын хөгжилд гар бие оролцох учиртай.

-Газрын гэрчилгээгээ аваагүй айлууд бий. Тэд өнөө хэр цагаан гэрчилгээ­тэй. Эсвэл олон өрх нэг хашаанд амьдардаг бол тэдний хувь заяа хаашаа эргэх вэ?

Б.Батчимэг:
-12 байршлын долоо нь газар дээрээ ямар нэг онцгой өөрчлөлт хийхгүй. Түргэний тэрэг орох, гарах гарц хийнэ. Нийтээрээ унаагаа явуулах зам, эмнэлэг, сургууль, дэд бүтэц татах талбай гэх мэтээр хэрэгцээтэй газраа хэсэглэн төлөвлөх юм. Ингэснээр иргэн Дулмаа хашаагаа нааш, цааш багахан шилжүүлэх хэрэг гарна. Долоон байршилд буй айлууд газраа эзэмших эрхтэй хэрнээ өмчлөөгүй байж болно. Тийм айлуудад газраа өмчилж авах эрх нь нээлттэй байгаа шүү. Харин хашааны газраа өмчилж аваад бусдад зарж, гэрчилгээний нэрээ шилжүүлсэн бол тухайн айлын эрх хаалттай болно. Газрыг худалдаж авсан хүн өмчлөгч болж таарна. Газрын гэрээний он, сараараа асуудал нь тодорхой болно. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш газраа хэн нэгний нэр дээр шилжүүлье гэвэл хүлээж авах боломжгүй.
-Дахин төлөвлөх долоон хэсэг газарт нарийвчилсан зураг гарсан уу. Айлууд хашаандаа хаус, давхар барилга барьчихсан бол нурааж, нүүлгэн шилжүүлэх үү?

М.Нямбаяр:
Нарийвчилсан зураг төсөл бүрэн гарсан.  Гэр хорооллын хөгжлийн газар төлөвлөлтийг нь хийсэн. Тиймээс таны хэлж байгаа нарийн зүйлийг иргэдтэй ярилцаад төлөвлөлтдөө багтаасан байх.
 
ЗАРИМ ИРГЭН ГАЗРАА ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ
 
-Гэр хороололд шугам сүлжээ барих ажлын төсвийг дангаар нь хотын захиргаанаас хариуцаж байна уу. Иргэд өөрсдийн хөрөнгөөр дэд бүтцээ татах уу?

М.Нямбаяр:
-Дахин төлөвлөлтөөр барилгажуулах хэсгийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нийслэлийн хөрөнгөөр хийх бодлогыг хотын захиргаанаас барьж байгаа. Харин иргэд газраа асуудалгүй чөлөөлж, хашаагаа нааш, цааш татах ёстой. Гэр, хашаа руугаа оруулах шугам сүлжээний зардлыг тухайн айлууд хариуцах юм. Тухайн айл төв магистрал буюу хоёр гудамжны голоос хэр зайд байгаагаас хамаарч дэд бүтцийн зардал янз бүр гарна.
Гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлт нь айлууд хашааны газраа орон сууцаар тулж солих уу, эсвэл мөнгөө аваад орон сууц худалдаж авах уу, тэнд барьж байгаа орон сууцаар солих уу гэх мэтээр олон хувилбар бий.
Нийслэлээс гаргасан гэр хорооллын долоон хэсэг төлөвлөлтийг энэ ажил дээр шалгарсан компаниуд өөрийнхөөрөө улам нарийн болгож зураглана. Тэр нарийвчилсан төлөвлөгөөг тухайн оршин суугчдын 75 хувь нь дэмжсэн тохиолдолд тухайн компаниудад ажиллах эрхийг нь олгоно. Иргэн компани хоёрын хоорондын харилцаанаас ихээхэн зүйл шалтгаалах юм. Иргэдийн оролцоотой төлөвлөлт гэж үүнийг хэлээд байгаа юм.
-Өмнө нь энэ ажлыг аль улсад хэрэгжүүлж байв. Хаана нэвтрүүлсэн туршлагыг нийслэлд шууд нутагшуулахаар болов?

М.Нямбаяр:
-Дэлхийн бусад улсад ийм зарчмаар гэр хорооллыг хөгжүүлдэг юм билээ. Төслийг хэрэгжүүлэгч компани тухайн оршин суугчидтай сайтар зөвшилцөөд энэ ажлыг хийх юм. Манай газраас тухайн хэсгийг барилгажуулах эсвэл инженерийн байгууламж барих хэсэгчилсэн төлөвлөгөө хийнэ.  Тэр төлөвлөгөөгөө улам нарийвчлаад тав эсвэл гурван байршилд манай компани ийм барилга барина. Иргэний хашааны газар энд багтаж байна гээд тухайн байршилд оршин суугаа иргэдтэй очиж уулзан зөвшөөрөл авах ёстой. 75 хувийн саналыг авбал тухайн компани иргэдтэй шууд гэрээ хийж газраа орон сууцаар солих уу, газраар солих уу, өөр орон сууц худалдаж авах уу, мөнгөөр худалдахаа хашааны эзэн бүртэй ярилцана.
 
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗАДАЛЖ НАРИЙВЧИЛСАН
 
-Дэнжийн мянга орчим, Чингэлтэйн есдүгээр хороонд компанийн төлөөлөгчид айлуудаар орж иргэдийн саналыг авч байна лээ. Дахин төлөвлөлт хийх хэсэгт төсөл хэрэгжүүлэх компаниудын нэрс тодорчихсон юм уу?

М.Нямбаяр:
-Тодроогүй. Энэ ажлыг гүйцэтгэхээр тендер зарласан байгаа. Тухайн компани тендерт оролцохоор урьдаад  судалгааны ажлаа хийж байгаа юм. Тооцоо, судалгаагаа хийж байж тэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тендерт оролцох үнийн саналаа хэлнэ.
-Ерөнхий төлөвлөгөөнд тухайн хэсэгт сургууль, цэцэрлэг барина гэх мэтээр нарийвчлаад заагаад өгчихсөн үү?
-Ерөнхий төлөвлөгөөг задалж нарийвчилсан. Тухайн хэсгийн хүн амын тоог харгалзан хэчнээн хүүхдийн сургууль, цэцэрлэг барих, дэлгүүр, ахуйн үйлчилгээний ордон гэх мэтээр иргэдэд хэрэгцээтэй байгууламжийг төлөвлөж гаргадаг юм.
-Гэр хорооллын газар хэтэрхий их бохирдсоныг Нийслэлийн ИТХ-ын чуулган дээр төлөөлөгчид хэлж байсан. Хэдийгээр бүтээн байгуулалтын ажил хийх боловч тухайн үед бохир хөрснөөс болж элдэв асуудал үүсэхгүй гэх баталгаа бий юу?
-Төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд бүх асуудлыг зохицуулах учиртай. Тухайн үедээ хэрхэн ажиллахаа тэд төсөлдөө тусгасан байх ёстой. 
-Гэр хорооллын хашааны газрын үнийг ямар зарчмаар тогтоох вэ. Иргэд хүссэнээрээ газраа үнэлэх ёстой юу?   

М.Сэргэлэн:
-Иргэдийн газарт нөхөн олговрыг олгохдоо 2003 онд Засгийн газраас батласан Өмчил­сөн газ­рын суурь үнэлгээ 13200 төгрөг байхаар мөр­дөж байна. Орон сууцны дол­ду­гаар хорооллын зөвхөн инженерийн барилга байгууламжийн нөхөн олговорт, нэг ам метр газрыг 100 мянган төг­рөгөөр үнэлчихсэн байдаг. Үүнийг иргэд хольж, солиод ташаа ойлгох тохиолдол гардаг. Тухайлбал, Дэнжийн мянгад байгаа айлын газрыг ам метр нь 13,200 төгрөгөөр тооцоод долдугаар хорооллын газрыг 100 мянган төгрөгөөр үнэллээ гэж эргэлздэг явдал бий. Энэ нь хоёр тусдаа асуудал юм.
Нэг нь зөвхөн орон сууцны зориулалттай барих долдугаар хорооллын инженерийн байгууламжийн шугам сүлжээ тавихаар нэг ам метр газрын үнийг 100 мянгаар тооцож байгаа. Нөгөөх нь Улаанбаатар хотод хийж байгаа зам, замын байгууламж, гүүрэн гарцыг чөлөөлөхөд нэг ам метр газрыг 13200 төгрөгөөр тооцдог. Иргэд газрын үнэлгээгээ тухайн төсөл хэрэгжүүлэгчтэй тохирч шийднэ. Газар зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөгөөр нэг ам метр талбайг нь 13.200 төгрөгөөр үнэлдэг.

-Иргэд энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж зам, барилгын  ажлыг саатуулдаг биз дээ?
-Иргэд газрын ам метр талбайг 13.200 төгрөгөөр үнэлэхэд эсэргүүцэх нь их. Замын нүүрэн талд байгаа хашааг 13.200 төгрөгөөр чөлөөлөхөд уулын оройд буй мухар гудамжны айлын хашааг тийм үнээр чөлөөлөхөөр маргаан гарна. Газрын зах зээлийн үнэ, байршлаас хамаарч энэ мэтээр маргаан гардаг.  
Төрөөс энэ бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ иргэдийн хашааны газрыг тэд, эд гэж үнэ тогтоохгүй гэдгийг сайн ойлгоорой. 
 
УЛААНБААТАР ХОТОД 112 ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ ШИНЭЭР БАРИНА

-Энэ жил улсын болон орон нутгийн хөрөнгөөр хэчнээн газарт зам, барилгын ажил хийх вэ. Тэнд байгаа иргэдийн газрыг чөлөөлөхүү?

М.Сэргэлэн:
-Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээгээр сургууль, цэцэрлэг, спортын ордон, танхим зэрэг цогцолбор барих ажил бий. Нийт 197 төсөл, арга хэмжээнээс гадна нийслэлийн хөрөнгө оруулалт болон Автозамын газрын хөрөнгөөр нэмэлтээр хийх ажил бий. Гэр хороолол болон орон сууцны хороолол дунд олон зам барина. Энэ жил Газар чөлөөлөх хэлтэс 212 ажил хийнэ. Улаанбаатар хотын хэмжээнд 112 цэцэрлэг, сургууль шинээр барина. Үлдсэн нь зам, замын байгууламж, гүүр, гүүрэн гарц , инженерийн байгууламж барихаар тусгасан бий. Одоогийн байдлаар газар чөлөөлөхөөр зураг төсөл нь гарсан 48 байршил бий. Тэнд 2231 аж ахуйн нэгж, айл өрхийн 89 га газрыг чөлөөлөхөөр байгаа. Судалгааны дагуу иргэдэд мэдээлэл өгч газар эзэмших зөвшөөрөлтэйд нь мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжид мэдэгдэл өгч эхэлсэн. Ийм ийм баримт бичгийг бүрдүүлээд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх нэгж дээр ирж уулзахыг сануулж байгаа. Газраа өмчилсөн иргэдэд нөхөн олговрын мөнгө олгоно. Газрын зөвшөөрөлгүй айлуудад нөхөн төлбөр олгохгүй. Дэд бүтцийн станцын дэргэд байгаа айлуудад дахин газар олгох боломжгүй. 10000 вольтийн хүчдэлийн дор гэрээ барьсан айл аюул нүүрлэхэд үнс болчихдог юм билээ.
Алтан-Өлгийн газар дээр 12 жил амьдарч байгаа айл газар чөлөөлдөггүй. Бид өөр газар нүүлгэн шилжүүлж байж асуудлыг шийдсэн хүндрэл өмнө нь гарч байсан.
Газрыг чөлөөлөхдөө бид албаддаггүй. Гадаадад нийт иргэдийн 80 хувь нь газар чөлөөлсөн байхад үлдсэнийг нь хүчээр шийддэг туршлага байдаг ч бид тэгж ажилладаггүй. Иргэд материалаа хугацаанд нь бүрэн бүрдүүлж өгвөл газар чөлөөлөхөд ямар нэг саад гарахгүй.  Иргэдийн хариуцлага, ухамсар бидний ажилд нөлөөлдөг.
-Иргэд хашааны газраа чөлөөлсний дараа ямар давуу тал бий болдог юм бэ?
-Гэр хороолол дунд зам барихад ядаж л тухайн хэсгийн айлууд гэрэлтэй болно. Гэрэлтэй гудамжинд гэмт хэрэг гарахгүй. Эзэнгүй хогний цэг үүсч, үнс, угаадсаа асгахгүй. Тоосжилт багасдаг. Онцгой байдлын үед галын болон түргэн тусламжийн тэрэг цагтаа очиж иргэдийн өмч хөрөнгө, амь насыг авардаг. Иргэн хашааны газраасаа 100-300 метр татаж өгснөөрөө үлдсэн газар нь үнэ цэнэтэй болдог. Хажуугаар зам явж байгаа учраас тэр.  
 
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАРАА 512 ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ
 
-Э.Бат-Үүл даргыг ажлаа аваад удалгүй газ­рын үнэ өссөн гэдэг. Учир нь Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөг­жүүлэх ерөнхий төлөвлө­гөөг бат­лагдтал хотод газар шинээр өмч­лүүлэх ажлыг зогсоосон. Дахин төлөв­лөл­төөр нэг хашаанд олуу­лаа байсан айлууд шахаг­даж таарна. Тэд энэ жил хаанаас газар өмчилж авах бололцоо байна вэ?
Б.Цэнгэл:
2013 оны Газар зохион байгуулалтын төлөв­лө­гөөнд шинээр суурьшлын бүс батлагдаагүй.
НИТХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 6/26 тоот тогтоолоор 2013 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд иргэний гэр бүлийн хэрэгцээнд одоо газраа эзэмшиж байгаа зургаан дүүргийн 1021 иргэнд  68.75 га газрыг өмчлүүлэхээр туссан. Гэр хороололд дахин төлөвлөлт хийсний дараа 512 иргэнд 34.2 га газрыг өмчлүүлэхээр баталсан.

-Улаанбаатар хотод хэн дуртай нь чөлөөтэй газрыг хашаалж аваад хэдэн жилийн дараа яаж ийж байгаад зөвшөөрлийг нь авчихдаг гэсэн батлагдаагүй хууль үйлчилдэг. Энэ зарчим үргэлжлэх үү?
Б.Батчимэг:
-Бид хавраас нийтийн эзэмшлийн зам, талбайг хамгаалах том ажил хийх гэж байгаа. Таны хөндсөн энэ асуудлыг бид цэгцэлж, нийслэл өмчөө тодорхой болгон, тоолж, тэмдэг тавьж хамгаалах гэж байгаа хэрэг. Ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын зүүн чиглэл рүү зам тавина, метроны шугам татах зэргээр олон ажил хийхээр төлөвлөсөн. Хэн дуртай нь хашаа хатгаад түүнийгээ өөрийн өмч болгодог гэсэн ташаа ойлголтыг бид засах цаг иржээ. Тухайн ажлыг эхлүүлэхэд тодорхой зохицуулалт хийх байх.
 
ЗУСЛАНГИЙН АЙЛУУДЫН ЗАМЫН АСУУДЛЫГ ШИЙДСЭНИЙ ДАРАА ӨМЧЛҮҮЛНЭ
 
-Урин цаг айсуй. Баячуул, томчуул, мөнгөтэй эрхмүүд голдуу зусланд гардаг. Гэтэл зуслан битгий хэл хашааны газаргүй өрх нийслэлд олон бий?
Б.Батчимэг:
-Зусланд газар эзэмших гэрчилгээтэй айлууд бий. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн эхний ээлжийн төлөвлөгөөг өнгөрсөн жил хийсэн. Тэр чигээр нь өмчлүүлье гэхээр айлууд орц, гарцаа хаагаад буучихсан байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдсэний дараа зуслангийн газрыг өмчлүүлнэ.
Өмчлөлийг байшингийн сууриар нь хийх гэхээр жижигхэн газар болдог. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд өнгөрсөн жил манай газрын албанаас эхний ээлжид Ар согоот, Хуурай мухарт нарийвчилсан төлөвлөлт хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Сая НИТХ-аар батлуулсан төлөвлөгөөнд зам нь ийм байна гэснээс цааш айлуудын орц, гарцыг нарийн тусгаагүй байна лээ. 
-Зусланд очиход устай, модтой газарт томчуул авчихсан байдаг. Ойн дунд том байшин барьж төмөр хашаа татсан байдаг. Тэдэнд хууль үйлчилдэггүй юм уу, иргэд адил тэгш эрхтэй биш бил үү?
М.Батчимэг:
-Зуслангийн газрын өмчлөлийг сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Нарийвчилсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажил хойшилсон. Зуслангийн газарт таны хэлдгээр хууль зөрчсөн асуудал гардаг. Ойн болон усан сан бүхий газарт дураараа хашаа, байшин барьсан тохиолдол нэлээд бий. Зуслангийн газар өмчлөл дээр энэ асуудлыг шийднэ.
Хууль зөрчөөгүй, ном журмын дагуу газар эзэмшиж байгаа иргэдэд зуслангийн газрыг нь өмчлүүлнэ. Ойн гол болон захад, голын эрэг дээр байшин барьсан иргэдэд боломж олгохгүй. Зөрчилтэй айлууд газар эзэмших эрх нь дуусахаар гэрээг нь цуцлана. Өмчлөх эрх үүссэн айлууд бараг байхгүй. Зусланд байгаа айлуудын 20 хувь нь газраа өмчлөх боломжтой юм билээ.  

-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шинээр байгуулагдсан юм шиг иргэд будилах болсон. Энэ жил танайх Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020, 2030 оны төлөвлөгөөний ажил мөн зөвшөөрөлгүй барьсан барилгын ажлыг хэрхэн шийдэх вэ гэх мэтээр ажил ихтэй байгаа биз дээ?

М.Нямбаяр:
-Манайх өмнө нь Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар гэж байгаад шинэ бүтцээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болсон. Үйл ажиллагаа нь хэвээрээ үргэлжилж байна. Ерөнхий төлөвлөгөө хийж, хэрэгжүүлдэг. Хүнд сурталтай байсан олон гарын үсгийн зөвшөөрлийг цэгцэлж барилгын зөвшөөрлийн шат, дамжлагыг цөөлсөн. Мэргэжлийн хяналтын нэг үүргийг манай газарт шилжүүлсэн.
Улаанбаатар хот 17 хүртэлх давхар барилга барих асуудлыг дангаараа хариуцан улсын комисс ажиллуулахаар болсон байгаа. 11 хэлтэстэй, НМХГ-т байсан Барилгын хяналтын дэд бүтцийн хэлтсийг манайд нийлүүлсэн байгаа.
Нийслэлд ямар нэг зөвшөөрөлгүйгээр барьсан 41 барилгын асуудал бий. Тэдний асуудлыг эцэслэх шийдвэр гараагүй. Тэдний асуудлыг Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал дээр танилцуулсан байгаа. Энэ хавраас зөрчилтэй барилгын ажлыг эхлүүлэхгүйн төлөө бид ажиллана. Манайхан эхлээд барилгаа барьчихаад дараа нь зөвшөөрлөө хөөцөлддөг. Энэ байдлыг гаргахгүйн төлөө ажиллахад иргэдийн ухамсар чухал юм. Барилга барих хугацаа бага байдагтай холбоотойгоор ийм зөрчил гардаг байх.
 
УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВААГҮЙ БАРИЛГЫГ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОДОГ
 
-Барилгын зөвшөөрөл хөөцөлддөг хугацааг 11-2 дугаар сард болгож болох уу?
-Гарын үсэг цуглуулах дамжлага цөөрсөн учраас ирэх хавраас эхлээд барилгын ажил сэргэж, хугацаандаа амжих байх. Манай газар зөвшөөрөлтэй барилгуудын талаарх мэдээллийг цахим хуудаст байрлуулсан. Худалдаж авч болох, хөрөнгө оруулах барилгуудын жагсаалтыг иргэд  тэндээс үзэж болно. Бүх зүйл нээлттэй болсон. Тэнд зөвшөөрөлгүй барилгын тухай мэдээлэл байхгүй учраас иргэд хаанаас барилга худалдаж авах вэ гэдгийг сайн мэддэг болсон байх.  
-Үндсэн хөрөнгө тааруу компаниуд иргэдээс урьдчилгаа мөнгө татаж барилга барьдаг тогтолцоо бий болжээ. Хяналтын шатан дээрээ алдаад байна уу?
-Барилгын тухай хуульд Улсын комисс ажиллаагүй барилгыг худалдахыг хориглосон байдаг. Иргэд энэ тухай огт мэддэггүй. Тухайн компани ч энэ хуулийн заалтыг олонд таниулахыг хүсдэггүй. Барилгын суурь цутгаж эхлэхдээ л иргэдээс бариагүй орон сууцны үнийг татчихдаг.   
-Хот ирэх 10-20 жилд хөгжих төлөвлөгөөгөө батлачихлаа. Улаанбаатарын хөгжлийн чиг, хандлага ямархуу байх бол?
-Улаанбаатарыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний хандлага нэг төвөөс олон төвт хот болгох зураг гарсан. Сүхбаатарын талбай, Бага тойруу гэсэн их  төвлөрлийн хэсгийг задлаж жижиг, жижиг бүс болгон хөгжүүлэх юм. 
-Ажил, хичээл элэхээр том, багагүй хотын төв рүү бүгд тэмүүлж гацдаг байдлаас гарна гэж ойлгох уу?
-Яваандаа хотын захиргаа Баянхошуу руу төвлөрөх жишээтэй. Засгийн газар, яамд, төр захиргааны байгууллагууд  хотын төвд байрладаг. Үүнийг задлаж Улаанбаатар хот бичил 8-13 төвтэй болно. Бага тойруу орчмын хуучны барилгуудыг буулгаж тендер зарлаж  улсын төсвийн хөрөнгөөр барилгажих ажил хийхээр болсон. Тэнд цаашид хүн амьдран сууж, ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт нь гарчихсан.
-Орон сууцны өмчийн эзэд хаачих вэ. Тэдний асуудал босч ирэх байх?
-Иргэд нийлж асуудлаа шийд гэхээр 2-3 хуваагдаад дорвитой ажил болохгүй л байна. Ашиг сонирхлын зөрчил үүсч хуваагдчихсан, ажил нь явдаггүй. Манайх ерөнхий төлөвлөгөөг мөрдүүлэх үүрэгтэй. Тиймээс төлөвлөгөөнийхөө дагуу л ажиллана.