Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан

2018-03-21 15:51:58

ЗЦГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслээс бусад автомашиныг нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. ЗЦГ-аас хийсэн статистик мэдээллээс харахад 2016 онд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн 1.3 сая тохиолдол бүртгэгдсэн бол 2017 онд энэ тоо 1.4 саяд хүрчээ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас улсын байцаагч ажиллуулж, нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч, баримтжуулж байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

 

Хэзээнээс хянаж, баримтжуулж эхэлсэн бэ?

 Иргэдээс нийслэлийн Тээврийн газарт нийтийн тээврийн хэрэгсэл цагтаа явахгүй байгаа талаарх гомдол, мэдээлэл их ирдэг. Иймээс автозамын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгаа автомашинуудын зөрчлийг илрүүлэх зорилгоор хяналт, шалгалтыг энэ сарын 15-наас зургадугаар сарын 15 хүртэл хэрэгжүүлнэ.

Автотээврийн хяналтын улсын байцаагч ЗЦГ-ын алба хаагчийн албан үүргийг давхар гүйцэтгэх зохицуулалтбайдаг юм уу?    

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжид үүнийг тусгасан. Иймээс нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан хамтран ажиллаж байна.

Камер нэмж суурилуулж болоогүй юм уу. Заавал улсын байцаагч ажиллуулж, хяналт тавих шаардлага байна уу?

Таван шараас Офицеруудын ордны хооронд авто замын нэгдүгээр эгнээнд камер байдаг ч зарим уулзвар, гарц дээр камерын хүрэлцээ дутмаг. Иймээс улсын байцаагч ажиллуулах шаардлагатай болсон. Иргэд энэ тал дээр зөв ойлголттой байх хэрэгтэй. Бидний хэрэгжүүлж байгаа ажил иргэдийг торгох, мөн шинээр ажлын байр бий болгож байгаа зүйл огт биш. Харин авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгслийн тоог багасгах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил.

Нийслэлийн аль хэсгийн замыг хамруулав?

Энхтайваны өргөн чөлөө, Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад хяналт тавьж байна.

Хэчнээн улсын байцаагч, хэдэн цагийн үед хянах уу?

Одоогийн байдлаар 20 байцаагч ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 07.00-10.00 болон 16.30-20.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байна.

Тэгвэл баруун гар тийш эргэхээр эгнээнд явж буй жолоочийг торгоод байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?

Зураг авсан баримтыг ЗЦГ-т хүргэнэ. Харин ЗЦГ зөрчилд тооцох, торгох эсийг нягтална. Замын дүрэмд эргэхдээ эгнээ шилжих зайг заасан байдаг.

Торгууль ногдуулна гэсэн. Энэ нь хэчнээн төгрөг гэсэн үг вэ?

Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөг гэж заасан. Харин торгууль ногдуулах эсэхийг Замын цагдаагийн алба шийднэ. 

Зураг авч баримтжуулан замын цагдаад хүргэж, зохих торгууль ногдуулна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

Шалгалтын хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан Замын цагдаагийн албанд хүргүүлнэ. Мөн зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.