С.Батболд: Нийслэлийн барилга, орон сууцны чиглэлд энэ жил сэргэлт гарна

2018-02-23 12:10:44

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Билгийн тооллын шинэ он гарлаа. Нохой жилд Улаанбаатар хот маань ямархуу өнгө зүс, бэл бэнчинтэй орж байна вэ?

-Монгол Улсын хүн амын 47 хувь нь нийслэлд албан ёсоор амьдардаг. Албан бүртгэлтэй хүний тоо 2017 оны эцсийн байдлаар нэг сая 370 мянга орчим байна. Эдийн засгийн үзүүлэлтээс харвал дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэдэг. Тэр утгаараа Улаанбаатар хотын бэл бэнчин бол Монгол Улсын бэл бэнчинтэй ойролцоо гэж хэлж болно. Бид жилдээ 700 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэн улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Хот урсгал зардалдаа 400 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Өнгөрсөн жилийн төсвийн орлогоо тодорхой хэмжээгээр давуулан биелүүлсэн. 2018 онд саяын дурдсан хэмжээний орлого олж ажиллахаар байна. Улаанбаатар хотын нийт хөрөнгө оруулалт гэдэг бол улсын төсвөөс гадна нийслэлийн төсвөөс бүрддэг. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, бусад улс орноос авсан хөнгөлттэй зээл гээд аваад үзвэл 2018 онд нийт 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэнэ.

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын чуулганаар хотод нэлээн бүтээн байгуулалт өрнөх нь гэж ойлгосон. Ямар салбар чиглэлд хамгийн их хөрөнгө зарцуулах вэ?

-Нийслэлд хэд хэдэн чиглэлд бүтээн байгуулалт өрнөнө. Автозамын сангийн хөрөнгөөр шинэ зам, гүүр барих, замын засвар, өргөтгөл гээд авто замын салбарт нийтдээ 40-өөд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр автозамын салбарт дөрвөн том төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Яармаг, Сонсголон, Баянзүрхийн гүүрийг шинэчлэх бөгөөд өнөө жил 50 орчим хувийг нь хийчих байх. Мөн Замын цагдаагийн дэргэд төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барина. Налайх, Чойрын чиглэлийн авто замын ажлыг шинэчилнэ. Энэ зам бол Улаанбаатар хотын замын түгжрэлд нөлөөлдөг. Баригдаад 60 гаруй жил болж байгаа хуучин зам. Таван аймаг, нийслэлийн гурван дүүрэг рүү зорчих иргэд ганц энэ замаар явдаг учраас хотын түгжрэлд маш их нөлөөлдөг. Хэрэв энэ замын ажил дуусвал Улаанбаатар хотын гарц сайжрах боломжтой.

-Налайх, Чойрын чиглэлийн зам энэ онд дуусах уу?

-Дуусахгүй. Уг нь өнгөрсөн жил ажил эхлэх ёстой байсан ч хоёр улсын хооронд хэлэлцээр байгуулагдах тал дээр удааширсан учраас эхлээгүй. Одоо бол хэлэлцээр хийгдээд, зам барих компани нь шалгараад бүх зүйл нь бэлэн болчихсон. Хоёр жилийн хугацаанд барьж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Манайх цаг уурын хувьд хэцүү. Автозам болон барилгын ажил Монголд тавхан сар л үргэлжилдэг болохоор хугацаа шаарддаг. Өвөлдөө зогсохоос аргагүй. Нэмж хэлэхэд Зүүн дөрвөн зам дээгүүр давхар гүүрийн ажил эхэлнэ. Үүнийг дотоодын хөрөнгө оруулалтаар хийх юм.

-Өнөө жил яг хэдэн км зам шинээр тавьж дуусах вэ?

-Энэ онд 13,1 км зам шинээр барьж, 2,2 км зам өргөтгөн шинэчилнэ. Өөр бас нэг гол зүйл нь Улаанбаатар хотын гаднах тойрог замын эхлэлийг тавина.

-Гадна тойрог замын маршрут нь хаагуур байх вэ?

-Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүрэхэд нэг бол 100 айлаар дамжина. Эсвэл Нарны зам юмуу Энхтайваны өргөн чөлөөгөөр дайрна. Тиймээс төвийн ачаалалтай замуудаар дамжихгүйгээр хотын гаднах тойрог замыг тавьж байгаа. Тухайлбал, Хайлаастаас Дарь-Эх орох замын эхлэлийг тавина. Энэ нь цаашаа Амгалангаар уруудаад Богд уулын арын замтай нийлнэ. Хойшоо Баянхошуу, Толгойтоор дамжин хуучин 22-ын товчоогоор өнгөрч, урагшаа гүүрээр гарч Яармагийн замтай нийлэх их тойруугийн замыг барьж эхлэх юм. Хайлааст-Дарь-Эхийг холбосон гүүрний ажил ноднин эхэлсэн, энэ жил дуусна.

-Хотын тэр дундаа гэр хорооллын барилгажуулалт хэр үргэлжлэх вэ?

-Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийг дахин сэргээж, үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа учраас нийслэлд барилга, орон сууцны чиглэлд энэ онд сэргэлт ажиглагдах байх. Хотод төлөвлөгдсөн хэмжээгээр бол Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд 1000 айлын орон сууцны барилгыг энэ хавар эхлүүлнэ. Нийслэлийн орон сууцны корпорацийн хүрээнд Яармаг болон Баянхошууны эцэс, Ханын материалын орчимд түрээсийн орон сууцны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэлнэ.

Ипотекийн зээл болон бусад хөрөнгө оруулалт гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгаа энэ хавар эхлүүлэх боломжтой. Ингэвэл нийслэлийн 24 байршилд дахин төлөвлөлтийн орон сууцнуудыг барих ажил үргэлжилнэ.

Бидний бодлого бол иргэдийн орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Улаанбаатар хотод тансаг хэрэглээний буюу 100 м2-аас дээш талбай бүхий орон сууцны хангамж хангагдсан гэж үзэж байна. Иймд 40-60 м2 талбай бүхий хоёр өрөө сууцны хэрэгцээ их байна. Бид барилгын компаниудад захиалга өгөхдөө 70 орчим хувь нь иргэдийн хэрэгцээнд нийцсэн орон сууц байх ёстой. 30 орчим хувь нь 100-гаас дээш м2-тай, дөрвөөс дээш өрөөтэй орон сууц байхаар төлөвлөлтөө хийнэ гэсэн шаардлага тавьж ажиллаж байна.

Гэр хорооллыг багасгахын тулд хашааны газрыг нийслэл газрын сандаа худалдаж аваад урьдчилгаагаа гаргаж өгөх бололцоогүй айлуудын урьдчилгааны мөнгийг нийслэлээс олгоё гэж байгаа юм. Ийм аргаар өнгөрсөн жил 57 айлыг орон сууцтай болгосон. Үүнийг өргөжүүлээд явах юм бол яг бодитойгоор яндангаа хураалгаад газраа нийслэлийн газрын санд тушаагаад явах юм. Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд мянган айлын орон сууцыг бариад хашаатай мянган айлын газрыг аваад айлуудаа оруулах юм. Чөлөөлсөн газар дээрээ дараагийн байраа барих маягаар явна. Тэгэхгүй бол түрүүнд хэрэгжиж ирсэн орон сууцны бодлогын алдаатай тал нь байрны нөхцөл сайжруулахад чиглэгдсэн. Өөрөө байртай хүн дараагийн байраа авахдаа ипотекийн зээлд хамрагдаад байсан. Гэр хорооллоос орон сууцанд орсон айл цөөн байгаа. Хэрэв агаар, хөрсний бохирдлыг бууруулах л гэж байгаа бол гэр хорооллоос айл өрхүүдийг бодитойгоор орон сууцанд оруулах бололцоог хангах ёстой.

Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны зээлээр Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барихаар болж байна. Ирэх оны нэгдүгээр сараас төсөл маань хэрэгжээд явна. Тэгвэл орон сууцны зах зээлд том хувьсал өөрчлөлт гарна гэж харж байгаа. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод Байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орсон. Хот хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр өртөг багатай барилгыг өвөл зунгүй үйлдвэрлэж болох боломжтой болж байна. Бид энэ зун туршилтын байдлаар эхний ээлжинд хаана ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ ярьж байна.

-Одоо баригдах түрээсийн орон сууц гэх мэт хороололдоо Байшин үйлдвэрлэх комбинатын бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй юу?

-Хот өөрөө шууд худалдан авалт хийхгүй учраас тухайн барилгын компаниудын сонголт болчихоод байгаа юм. Хэрэв өртөг багатай хямд байх юм бол авах л байх. “Эрэл” компанийн зүгээс “хамгийн бага өртгөөр барилгын хийц эдлэлээ гаргана” гэж амлаж байгаа. Тэд л өөрсдөө маркетинг менежментээ сайн хийх хэрэгтэй. Харин хот сургууль, цэцэрлэгийн барилга захиалахдаа угсармал хийц эдлэлээр хийнэ гэх мэтээр бодлогын дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Сургууль, цэцэрлэгийн барилга олныг барих төлөвлөгөө байсан уу?

- 2020 онд дунд сургуулийг гурван ээлжгүй болгоно, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ гэж би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалт 67 хувьтай байсныг 76 хувь болгож нэмсэн. Энэ тоог 85 хувьд хүргэвэл олон улсын дундаж түвшинд очно. Өнөө жил 50 гаруй сургууль, 30-аад цэцэрлэгийн ажил эхэлнэ.

-Хотын замын түгжрэл асуудал болсоор удлаа. Түгжрэл бууруулах ямар ажил хийж байгаа вэ?

-Түгжрэлгүй болно гэдэг нэлээн түвэгтэй асуудал. Улаанбаатарын гааль дээр жилд 40 мянган машин буудгийн 20 хувь нь л хөдөө орон нутаг руу явж байна. Үлдсэн 80 хувь нь нийслэлд шингэдэг. Гэтэл ашиглалтаас гарч хогийн цэг дээр очиж байгаа машин маш цөөн. Улаанбаатарын машин жилдээ 35 мянгаар нэмэгдэж байгаа тохиолдолд замын түгжрэл бууруулахад хүндрэлтэй. Одоо дугаарын хязгаарлалт үйлчлээд ч ачааллаа дийлэхээ больсон. Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг түгжрэл бууруулах асуудал дээр байнга ажиллаж байдаг. Түгжрэл бууруулахын тулд замаа өргөтгөх ёстой ч энэ нь хэмжээ хязгаартай. Замын хөдөлгөөний дүрэмдээ өөрчлөлт оруулах, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй байгаа. Тээврийн хэрэгслийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Нийтийн тээврийг сайжруулах ёстой гэх мэт түгжрэл бууруулах ажлыг цогцоор нь төлөвлөөд ажиллаж байна. Үүн дотор хамгийн чухал нь гүүрэн байгууламж, давхар замуудыг нэмж барих, хөдөлгөөний эрчимийг сааруулахын тулд зогсоолуудыг сайжруулах ажилд анхаарч байна.

-Өнгөрсөн зун зүүн эргэх хөдөлгөөнийг хаасан нь иргэдийг бухимдуулсан. Хэрэв тэр хэвээрээ байсан бол үр дүнд хүрэх байсан уу?

-Өнгөрсөн жил туршилтаар зүүн гар тийш эргэхийг зогсоосон. Улаанбаатар бол баруунаас зүүн тийш сунасан хот. Том гол артерийн судас гэвэл Энхтайваны өргөн чөлөө. Энхтайваны өргөн чөлөөг чөлөөлж өгсөнөөр автозамын нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж тооцоолсон. Ингэснээр жижиг уулзварууд дээр түгжрэл үүсэх нь тодорхой байсан ч гол судасны хөдөлгөөнийг чөлөөлж өгсөнөөр замын түгжрэл 30 хувиар буурна гэж тооцсон юм. Харамсалтай нь, манай иргэд маш тэвчээргүй хандсан. Бид цаг хугацааны хувьд буруу тооцсон. Засгийн газар манай шийдвэрийг хүчингүй болгосон. Уг нь энэ шийдвэрээр нэлээн явуулж, жижиг уулзваруудынхаа замыг сэтлэхийг нь сэтлэх гэх мэтээр ажилласан бол түгжрэл буурах ач холбогдолтой байлаа. Төв зам түгжрэлгүй байна гэдэг их чухал юм. Гэхдээ энэ шийдвэр хэрэгжиж чадаагүй ч бид түгжрэл бууруулах өөр арга замуудыг туршиж, үр дүн гаргахын төлөө л ажиллаж байна. Ер нь дэлхийн том хотуудад төв замын машины өөдөөс нь өөр машин зүүн эргэдэг, эсвэл явган хүн гэнэт гүйгээд гараад ирдэг үзэгдэл байдаггүй. Машин дандаа баруун эргэж явдаг.

-Хотын хүн амын бөөгнөрлийг тэлж, дагуул хотуудыг хөгжүүлэх нь замын түгжрэл бууруулах нэг арга гэдэг. Энэ тал дээр хийж байгаа ажил гэвэл...

-Энэ зуны хувьд бид томхон ажил эхлэх гэж байгаа нь Улаанбаатар хотын захиргааг Яармаг руу нүүлгэх. Улаанбаатар одоо нэг төвтэй том хот. Сүхбаатарын талбайг тойроод бүх яам тамгын газрууд, их, дээд сургууль, дэлгүүр хоршоо, албан газрууд нь байдаг. Хотын гурав, дөрвөн зуун машин бага тойруу, их тойруугаа дагаад л хэдэн албан газрын хооронд өдөржингөө давхидаг. Тиймээс Улаанбаатар хотыг найман дэд төвтэй болгохоор Ерөнхий төлөвлөгөө батлуулсан. Яармаг, Баянхошуу, Дэнжийн мянга, Амгалан гэх мэт найман дэд төвдөө хотын төр захиргааны байгууллага, албан газруудаа шилжүүлж байршуулах юм. Эхнээсээ иргэдэд үйлчлэх төвүүдээ хотын захууддаа байгуулаад эхэлсэн. Заавал хотын төв орж үйлчилгээ авах биш гэртээ ойрхон эсвэл түгжрэл багатай газарт нь очоод төрийн үйчилгээг тэндээс хүмүүс авч байна. Хотын нэг дэд төв болох Яармагийг бид Улаанбаатар хотын санхүү бизнесийн төв болгоно гэж үзэж байгаа. Яармагт нийслэлийн төр захиргааны байгууллагыг нүүлгэх ажил энэ зунаас эхэлнэ. Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг хотын төвөөс нүүнэ. Хамгийн багаар бодоход биднээс үйлчилгээ авдаг 15 мянган иргэн хотын зах руу явна гэсэн үг. Би өөрөө ингэж үлгэр үзүүлж, хотын зах руу нүүснээр төрийн бусад газруудыг хотоос гарах, дагуул хотуудад байрлах, ингэснээр хэт төвлөрөл, түгжрэлийг багасгах эхлэлийг тавьж байгаа юм.

-Нүүж амжих уу. Өмнөх хотын дарга Баянхошуу руу хотын захиргааг нүүлгэнэ гээд л шав тавьсан. Тийшээ нүүж болоогүй юм уу?

-2019 ондоо багтаан бүрэн нүүнэ. Баянхошуу руу нүүхэд 132 сая ам.доллар буюу 300-гаад тэрбумын өртөгөөр гадны компаниар бариулах байсан ч Засгийн газрын тогтоолоор концессын гэрээ нь хүчингүй болсон. Мөн Баянхошуунд газар чөлөөлөх боломж бага. Яармагт бол сул газартай. Хот маань урагш тэлж байна. Шинэ нисэх буудал хотын баруун урд байгаа учраас замын дагуу нь хотын захиргаа байрлуулах нь хамгийн тохиромжтой юм. Өмнөх шийдвэрээс зөрж байгаа юм биш. Санхүү эдийн засгийн төв болгоход Яармаг хамгийн тохиромжтой.

-“Сервис сентер” гэж хотынхон их ярьж байна. Энэ талаар...

-Гэр хорооллын айл өрхийг цэвэр бохир усны системд нэгтэж, орчин үеийн таун хаус хорооллыг бий болгох эхлэлийг тавьж байгаа том төсөл. "Сервис сентер" буюу дэд бүтцийн төв гэж нэрлээд байгаа. 200-300 айлын дунд нэг төв байгуулж, тэндээсээ цэвэр ус, ариутгал, дулааны асуудлаа шийднэ. Төвийн дулаан очих боломжгүй бүсэд байгаа гэр хорооллын 200-300 айл нэгдэж, хүсэлтээ хотод гаргах юм бол бид "Сервис сентер" байгуулж өгнө. Тэдний хүсэлтээр төв шугам татаж өгөхөд гэр, гэр рүүгээ орсон холболтоо иргэд өөрсдөө хариуцна. Байшингаа өөрсдөө маш сайн дулаална. Мөн өөрсдөө ашиглалтын зардлаа хариуцна гэсэн гарын үсгээ зурсан байх ёстой. Ингэвэл хот өөрийн зардлаар "Сервис сентер" байгуулаад өгнө. Төсвөөс нэг айлд 60 сая орчим төгрөг зарцуулж ийм төв байгуулах тооцоо гарсан. Энэ бол гэр хорооллыг хувьслын шинжтэй өөрчлөх төсөл. Энэ жил гурван газар ийм төв байгуулна. Хот өөрийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хийнэ. Байгаль орчны яам Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд, Барилга, хот байгуулалтын яам бас хийх юм. Миний Засаг даргаар ажиллах хугацаанд хэрэгжүүлсэн хамгийн үлдэцтэй ажлын нэг нь энэ “Сервис сентер” байх болно гэж үзэж байгаа. Ирэх арванхоёрдугаар сард эхний ээлжийг ашиглалтад оруулж, хашаандаа ингэж тав тухтай сайхан амьдарч болох юм гэдгийг харуулна.

-Дулаан болохоор бид утаагаа мартаж, өвөлтэй золгохоороо хашгирч эхэлдэг. Утаа багасгах талаар ямар ажил хийж байна вэ. Утаа ер нь буурах уу?

-Би эрх мэдлийнхээ хүрээнд хамгийн дээд шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Шилжилт хөдөлгөөнийг хориглосон, агаарын чанарын бүс тогтоож түүхий нүүрс түлэх бүсийг тогтоосон, суурьшлын бүс тогтоосон гээд алдартай гурван захирамж гаргасан. Энэ жил утаан дээр томхон ахиц гарна. Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд хотод түүхий нүүрс түлэхийг хорьё гэсэн шийд гаргасан. Хот жилдээ нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Сайжруулсан түлш хэрэглэвэл 50 хувиар багасна. 650 мянган тонн сайжруулсан түлш хэрэгтэй байгаа. Үүнийг үйлдвэрлэх хүчин чадлын үйлдвэр энэ зун бий болгоно. Улаанбаатарт гал түлье гэж байгаа бол сайжруулсан түлш, стандартын зуух л хэрэглэ гэж байгаа юм. Ийм шийдвэрийг хэрэгжүүлж чадвал утааг 50 хувь багасгах боломжтой. Үүний төлөө бүх хөрөнгө хүчээ дайчлан ажиллаж байна. Хоёрт, цахилгаан халаагуур хэрэглэж болох ч өртөг өндөртэй. Цахилгаан станцын болон шугамын хүчин чадал хүрэхгүй. Хамгийн ихдээ жилд 20 мянган айлыг л цахилгаанаар халаах боломжтой ч энэ аргаа хэрэглээд явна. Мөн байгууллага болгонд байдаг жижиг уурын зуухуудыг алга болгож, төвийн дулаанд холбох боломжтой газруудыг холбох ажлыг хийж эхлээд байна.

-Сайжруулсан түлш хэрэглэх хүмүүсийн маань амьжиргаа ямар билээ. Үүнийг тооцсон уу?

-Сайжруулсан зуухаа түүхий нүүрсний үнээр борлуулна. Татаасыг нь хэрэглэгч болон үйлдвэрлэгчдэд өгнө. Түүхий нүүрс тн-ыг нь 90-100 мянган төгрөгөөр иргэд худалдаж авч байна. Сайжруулсан түлш 150 мянган төгрөгийн үнэтэй. Энэ зөрүүг нь иргэдэд олгохдоо гэрээ хийнэ. Маш сайн хяналт тавина. Улаанбаатарт 200 мянган гэр хорооллын айл байна. Үүний 50 мянган өрх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гээд улсаас түлшний хөнгөлөлт авдаг. Тэр 50 мянган айлд түлшний хөнгөлөлт гэлгүй түлшийг нь өгөөд үлдсэн 150 мянган айлдаа л татаас өгөх юм.

 

Эх сурвалж: Өдрийн сонин